"Монголын боловсролын тунхаглал-2024" боловсролыг тогтвортой хөгжүүлэхэд чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ

“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” чуулганд оролцогчид бид юуг боловсрол гэж үзэх, ямар боловсролыг хойч үедээ эзэмшүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлага тулгараад байгааг тодотгож байлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн тус чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс ирсэн оролцогчид таван салбар хэсэгт хуралдаж, хуралдааны үеэр санал нэгдсэн тодорхой асуудлуудыг багцалж өөрсдийн санал болгож буй шийдлүүдийн хамт Монголын Боловсролын тунхаглалд тусгажээ.

Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Боловсролын тунхаг бичиг бол манай улсын боловсролын салбарын үндсэн зорилго юм. Үндсэн хуульд заасан хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн зорилтын хүрээнд нийтээрээ хүлээн зөвшөөрч үндэсний зөвшилцөлд хүрч байна гэсэн тунхаг бичиг юм” гэдгийг тодотгов.

Монгол Улсын боловсролыг тогтвортой хөгжүүлэхэд энэхүү тунхаглал чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээн чуулганд оролцогчид үзэж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүн нь 2022 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ивээл дор зохион байгуулсан “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын танилцуулах үүрэг амлалт, санал санаачилгыг боловсруулахад чухал үүрэгтэй байсныг тэмдэглэв. 

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, Ph.D М.Итгэл, “Монгол Улс 2022 онд болсон “Хувьсаж буй боловсрол” сэдэвт НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад БШУ-ы сайд боловсролыг хэрхэн хөгжүүлэх чиглэлээр амлалт үүрэг авсан.  Энэ хүрээнд Монголын боловсролын тунхаглалд Алсын хараа, Үнэт зүйл, Монгол суралцагчийн дүр төрх, Тэргүүлэх чиглэл гэсэн дөрвөн зүйлийг тодорхойлсноороо онцлогтой байлаа” гэв.

Чуулганд оролцогчдын саналыг Монголын боловсролын салбарын цаашдын бодлогод тусгах аж.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)