“Амь нэгтэй Монголчууд” аяныг орон даяар өрнүүлнэ

Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдад туслах зорилготой “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаагаа мэдэгдэж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан, Б.Бейсен, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ үеэр хэлэхдээ, "Орон нутагт өвөлжилт, цас зудын нөхцөл байдал маш хүндэрлээ. Иймд хөдөө аж ахуйн салбарт онцгойлон анхаарал хандуулж, олон  асуудал дээр шийдэл гаргах шаардлагатай цагт тулж ирсэн байна" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Малчид малаа алдах нь гагц малчдад тулгарч байгаа эрсдэл биш. Монгол Улс тэр даяараа эрсдэлд орж байна. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгааг ярих хэрэгтэй" гэсэн бол, УИХ-ын гишүүн Б.Бейсен "Цасны зузаан 1-2 метрт хүрч, зарим сум хоорондын зам бүрэн хаагдсан. Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол жирэмсэн эхчүүд, нялх хүүхдүүд, отрын малчид тусламж үйлчилгээ авахад нэн хүндрэлтэй боллоо. Малчдад туслах аяныг яаравчлах, өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр ч биш үнэ төлбөргүй өгөх хэрэгтэй" гэлээ.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, "Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувьд нь цас, зудын аюул нүүрлэсэн байна. Ардчилсан нам 21 аймаг, 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хороодоороо дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдад туслах аяныг санаачлаад буй. Сүүлийн 49 жил болж байгаагүй зуд тохиож байгаа тул намын бүтцийн хүрээнд хандивын аяныг эхлүүлсэн" хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)