Их Британийн Гадаад хэргийн сайд Фолклэндийн аралд очжээ

Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа Фолклэндийн (Мальвины) аралд хүрэлцэн очлоо.  

Тэрбээр өчигдөр арлын төлөөлөгчидтэй уулзаж, “Фолклэндийн арлын дайн”-ы үеэр амь үрэгдсэн Британийн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөсөн байна. 

“1982 оны зэвсэгт мөргөлдөөнд амиа алдсан бүх хүнд хүндэтгэл үзүүллээ. Бид Фолклэндийн арлын хүн ардын эрх ашгийг, мөн бидний энд бий болгосон орчин үеийн нийгмийг хөгжүүлэхийн төлөөх тэдний хөдөлмөр зүтгэлийг үргэлж хамгаалах болно” гэж Д.Кэмерон Х хуудсандаа бичжээ.

Арлыг зорихоосоос өмнө тэрбээр мэдэгдэхдээ, тус бүлэг арал нь "Их Британийн гэр бүлийн нэг хэсэг хэвээр үлдэх хүсэлтэй байгаа цагт бие даасан байдлынх нь тухай асуудлыг хэлэлцэхгүй" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Д.Камерон Фолклэндийн арлаас Бразил улсыг зорих бөгөөд энэ сарын 21-22-ны өдрүүдэд Рио-де-Жанейро хотноо болох  “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно. Дараа нь тэрбээр Парагвай, АНУ-д айлчлах юм. 

Атлантын далайн баруун өмнөд хэсэгт орших Фолклэндийн арлууд нь (Мальвин) 200 жилийн турш Аргентин, Их Британийн хооронд газар нутгийн маргаан үүсэх шалтгаан байсаар ирсэн юм. 1982 оны дөрөвдүгээр сард тус хоёр орны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Энэ дайнд Аргентин ялагдаж, хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн байлдааны ажиллагааны явцад 649 цэргээ алдсан бол Их Британийн талаас 255 цэрэг амь үрэгдсэн байна.

2013 оны гуравдугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар арлын оршин суугчдын дийлэнх нь Их Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг дэмжсэн байна. Санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Аргентины эрх баригчид мэдэгдсэн ба арлыг тус улсын мэдэлд эргүүлэн авах асуудлыг Ерөнхийлөгч Хавьер Милей өнгөрсөн оны сүүлчээр хөнджээ. Ингэхдээ тэрбээр энэ асуудлыг цэргийн аргаар шийдэж болохгүй гэж сонгуулийн сурталчилгааныхаа үеэр мэдэгдэж байлаа. Х.Милей хэлэхдээ, Их Британи, Хятад улсууд Хонконгийн статусыг шийдсэний адилаар арлуудыг шилжүүлэн өгөхийг Лондонд санал болгожээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)