Эрүүл мэндийн сайд Түлэнхийн төвийн эмч нар, осолд өртсөн иргэдийн ар гэрийнхэнтэй уулзав

Б.ТУУЛ 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гал түймрийн осол гэмтэл, дэлбэрэлтэд өртсөн гэмтсэн иргэдийн биеийн байдал, эмчилгээний явц, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа.  Уг гэмтэл ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байна.  

ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах Түлэнхийн төвд Яаралтай тусламжаар 14 хүн ирсний дөрөв нь харьцангуй хөнгөн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлээд харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад шилжүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 10 хүний тавыг нь ирэнгүүт эрчимт эмчилгээнд оруулсан.

Одоогийн байдлаар Эрчимт эмчилгээний тасагт нийт зургаан хүн эмчлүүлж байна. Үлдсэн дөрвөн хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.  

Эрчимт эмчилгээний тасагт байгаа зургаан хүний биеийн байдал хүнд, тэр тусмаа 80-90 хувийн түлэгдэлттэй хүмүүсийн хувьд маш хүнд, бүгд амьсгалын аппаратанд орсон гэж танилцууллаа. 

Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр “Би шөнө 01:30 цагт дуудагдаж ирсэн. Намайг ирэхэд хамгийн хүнд хүн маань ирчихсэн, эмчилгээ нь эхлээд, эрэмбэлэн ангилалт явагдаж араас нь ахиад дөрвөн хүн авчирсан. Эрэмбэлэн ангилалт хийж хөнгөн хүмүүсийг хүмүүсээ тасаг руу шилжүүлж эмчилгээгээ үргэлжлүүлсэн.   

Дэлбэрэлт болсны дараа Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, түлэнхийн мэс заслын эмч нарыг бүгдийг нь дуудаж, шаардлагатай бүх эмчилгээг эхлүүлсэн. Биеийн байдал маш хүнд, аппаратын хүмүүс нэмэгдсэн учраас сувилагчийн тоог нэмж дөрөв болголоо. Эмч нарыг ч нэмэлтээр ажиллуулж байна” гэв.  

Эмнэлгийнхэн эмчилгээ үйлчилгээнд тулгарч буй хүндрэлтэй асуудал гараагүй, чухал шаардлагатай эм тарианы нөөц хангалттай байгаа. Харин түлэгдсэн хүмүүст зайлшгүй хэрэглэдэг альбумин уургийн бэлдмэлийг нөөцлөх шаардлага байгаа тул санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсэж, энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөхөө албаныхан хэллээ.  

С.Чинзориг сайд болон ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга А.Өнөржаргал, Санхүү, даатгалын хэлтсийн дарга Л.Мөнхцэцэг нар уургийн бэлдмэлийн нөөц бүрдүүлэх санхүүжилтийг шийдэж, худалдан авалтыг хугацаа алдахгүй хийхэд анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: www.News24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)