“Virgin Atlantic” анх удаа эко түлшээр алсын нислэг үйлджээ

Их Британийн агаарын тээврийн “Virgin Atlantic” компанийн “Boeing 787” онгоц агаарын тээврийн эко түлш (SAF) ашиглан мягмар гарагт анх удаа Лондоноос Нью-Йорк хот руу Атлантын далайг дамнан нислэг үйлдлээ. 

Нислэгт ашигласан уг эко түлшийг хүнсний хаягдал тос, амьтны гаралтай өөх тосыг эрдэнэ шишийн хаягдлаас гаргасан бага хэмжээний синтетик керосинтой хольж гарган авчээ.

Энэ нислэгт “Virgin” группийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон, Их Британийн Тээврийн сайд Марк Харпер, “Virgin Atlantic” компанийн гүйцэтгэх захирал Шай Вайс нараас өөр зорчигч, ачаа тээш байсангүй.

“Rolls-Royce Trent 1000” загварын хоёр хөдөлгүүрээр тонологдсон уг онгоц Лондон руу буцахдаа ердийн түлш хэрэглэнэ. Учир нь арилжааны нисэх онгоцны хөдөлгүүрүүд нь 50 хувиас дээш SAF агуулсан түлшээр нислэг үйлдэх гэрчилгээгүй байдаг аж. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газар эко түлшний үр ашиг, агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах боломжтойг харуулахын тулд үзүүлэх нислэг үйлдэхэд “Virgin Atlantic” компанид нэг сая фунт стерлинг олгожээ.

Агаарын тээврийн салбар нь хүлэмжийн хийн 2-3 хувийг ялгаруулдаг. Устөрөгч эсвэл цахилгаанаар ажилладаг онгоцны хөдөлгүүрүүдиг бүтээх хүртэл тус салбарынхан хаягдал эсвэл сэргээгдэх түүхий эдээр хийсэн түлшийг туршиж байна.

Туршилтын энэ нислэг экологичдод өндөр сэтгэгдэл төрүүлж чадсангүй. “Stay Grounded” байгууллага эл үйл явдлыг "greenwashing" гэж мэдэгджээ. Бүтээгдэхүүн, үйл ажиллагаа нь байгаль орчинд ээлтэй гэж олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн сурталчилгааг энэ нэр томьёогоор нэрлэдэг.

Эх сурвалж: ЛОНДОН /ВВС/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)