“Squid Game” цувралаас сэдэвлэсэн реалити шоуны трейлер цацагдлаа

Netflix-ийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болох “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг 2024 онд үзэгчдийн хүртээл болохоор зэхэж байгаа билээ. Тэгвэл тус цувралаас сэдэвлэсэн “Squid Game: The Challenge” хэмээх 10 ангит реалити шоу арваннэгдүгээр сарын 22-нд 456 бодит оролцогчдын бүрэлдэхүүнтэй цацагдахаар болсон байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хүсэлтээ явуулж тэднээс 456 оролцогчийг шалгаруулсан ба тэд 4.56 сая ам.долларын төлөө өрсөлдөнө. Нэвтрүүлгийн үйл явц, даалгавруудын хувьд цувралтай адилхан ч шинээр олон өрсөлдөөнт тэмцээнүүд нэмэгдсэн байна. Харин оролцогчид даалгаврыг биелүүлж чадаагүй тохиолдолд хар бэхээр буудаж, үхсэнд тооцон тэмцээнээс хасах юм.

Сонирхуулахад зураг авалтын үеэр оролцогчдыг хүйтэн тухгүй газар байрлуулж, эмнэлгийн тусламж авах хэмжээний даалгавруудыг хийлгүүлж, аюултай нөхцөл байдалд байлгаж байсан гэсэн маргаан дэгдсэн. Нэвтрүүлгийн нэгэн оролцогч “Шоунд маш олон алдартай инфлюэнсерүүд оролцсон. Зураг авалтын багийнхан тэдэнд илүү сайн хандаж байсан төдийгүй анхнаасаа л тэднийг ялагч болгох зорилготой байсан “луйврын” нэвтрүүлэг гэж хэлж болно. Тэд бидэнтэй яг л морин уралдаанд орж байгаа морьд шиг харьцаж, үл хүндэтгэсэн” хэмээжээ. Харин зураг авалтын багийн зүгээс “Бид хүн бүрд шударга хандаж, тэмцээнийг бодитой шүүсэн. Хэн нэгэн ноцтой гэмтэж, аюултай зүйл огт болоогүй. Оролцогчдын аюулгүй байдал, эрүүл мэндэд маш сайн анхаарал тавьж ажилласан” хэмээн залруулга хийсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)