Хэллоуинд бэлэн үү: Аравдугаар сард шинээр гарах аймшгийн кинонууд

Жихүүн хүйтэн өдрүүд үргэлжилж, аравдугаар сар аль хэдийн айлчлан иржээ. Харин энэ сарыг дулаацуулдаг хөгжилтэй хэр нь аймаар баяр бол Хэллоуин. Дэлхийн ихэнх улсууд жил бүрийн аравдугаар сарын 31-нд сүнсний баярыг тэмдэглэдэг уламжлалтай ба манай улсад ч ялгаагүй өргөнөөр тэмдэглэдэг болсон. Тиймээс Хэллоуины баярыг тохиолдуулан энэ сард шинээр гарах аймшгийн бүтээлүүдийг сонирхуулж байна.


The Exorcist: Believer

Цацагдах огноо: Аравдугаар сарын 6

Тус бүтээл нь хүний биед шүглэсэн ад зэтгэртэй тэмцэж буй эцэг ламын талаар өгүүлэх “The Exorcist” хэмээх киноны франчайз юм. Киноны тавдугаар анги 2005 онд гарч байсан учир үзэгчдийн хүлээлт нэлээдгүй өндөр байгаа ба эхний ангийн гол дүр Крис Макнил 50 жилийн дараа эргэн ирж байгаа гэдгээрээ онцлог. Мөн 2025 онд “The Exorcist: Believer” киноны үргэлжлэл анги гарах нь батлагджээ.


Totally Killer

Цацагдах огноо: Аравдугаар сарын 6

Цаг хугацааны аялал, аймшиг, инээдэм хослуулсан бүтээл бол “Totally Killer”. Гол дүрд “Chilling Adventures of Sabrina” цувралаараа алдартай жүжигчин Кирнан Шипка тоглож байгаа бөгөөд тэрээр орчин үеэс 1987 он руу гэнэтийн байдлаар шилжиж аймшигт аллагын хэрэгт хутгалдах ажээ. Үзэгчид тус киног “ “Scream” “Back to the Future” хоёр киног хольчихсон юм биш үү?” хэмээн хошигнож байгаа гэнэ.


When Evil Lurks

Цацагдах огноо: Аравдугаар сарын 6

Аргентины хөдөө нутагт учир битүүлэг үйл явдлууд тохиолдож эхэлнэ. Оршин суугчид чөтгөрийн хорлолд нэрвэгдсэн гэдгээ ойлгон тэмцэх ч чөтгөрийг дарах гэж оролдох тусам тахал шиг ойр хавиар нь дамжин түгнэ. Аргаа барсан иргэд аюулыг давж чадах болов уу?


Pet Sematary: Bloodlines

Цацагдах огноо: Аравдугаар сарын 6

Аймшгийн зохиолын хаан гэгддэг Стивен Кингийн “Pet Sematary” зохиол 2019 онд бүрэн хэмжээний кино болон гарсан. Энэхүү бүтээлийн үргэлжлэл анги болох “Pet Sematary: Bloodline” нь эхний анги дээр гарсан үйл явдлаас өмнө болсон түүхийг өгүүлэх ба илүү аймшигтай, утга учиртай байх болно хэмээн кино багаас мэдэгджээ.


Dark Harvest

Цацагдах огноо: Аравдугаар сарын 11

Ижил нэрт гурван боть зохиолоос сэдэвлэгдсэн “Dark Harvest” бүтээл нь нэгэн жижиг тосгонд өрнөх ер бусын аймшигт түүхийг өгүүлэх ажээ. Уншигчдын хувьд “Hunger Games”-ийн зохиолтой бага зэрэг төстэй гэж дүгнэдэг ч зохиолын шүтэн бишрэгчид киног нь хоног тоолон хүлээж байгаа гэнэ.


Five Nights at Freddy’s

Цацагдах огноо: Аравдугаар сарын 27

Ижил нэрт видео тоглоомын франчайз “Five Nights at Freddy’s” нь энэ сарын хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг юм. Тус бүтээл нь 2014 онд хийгдэхээр төлөвлөгдөж байсан ч удсаар энэ онд цацагдах болсон тул хүлээж байгаа хүмүүс нэлээдгүй бий. Киноны хувьд видео тоглоомын үйл явцтай адилхан ба Майк хэмээх хамгаалагч залуу хуучны тоглоомын төвийн харуул хийх ажилд томилогдож, тэндээ таван шөнийг өнгөрөөх хэрэгтэй болно. Харин тэнд байрших хуучны тоглоомууд шөнөдөө амь орж, хорон муу санаатай үйлдлүүдийг хийж эхэлнэ. Майк амьд гарч чадах болов уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.218.145)