Японы Ерөнхий сайд бямба гарагт болсон халдлагыг буруутгав

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио бямба гарагт баруун нутгийн Вакаяма хотод сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийг нь үг хэлэхийн өмнөхөн тэсрэх төхөөрөмж дэлбэлсэн явдлыг зэмлэн буруушааж буйгаа мэдэгдлээ. 

“Ардчиллын үндэс суурь болсон сонгуулийн үеэр гарч буй аливаа хүч хэрэглэсэн үйлдлийг хэзээ ч тэвчиж болохгүй” гэж К.Фүмио өнөө өглөө хэлжээ. Тэрбээр мөн дөрөвдүгээр сарын 23-нд болох доод болон дээд танхимын нөхөн сонгуулийн сурталчилгааны үеэр аюулгүй байдлыг чангатгахыг уриалсан байна.

Өнгөрсөн оны долоодугаар сард Ерөнхий сайд агсан Абэ Шинзо Нара хотод доод танхимын сонгуулийн өмнө үг хэлж байхдаа бууны суманд өртөн амиа алдсан нь Үндэсний цагдаагийн газрыг холбогдох хамгаалалтаа бэхжүүлэхэд хүргэснээс хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа ийм халдлага болж байна.

К.Фүмиог Вакаяма хотын боомт дээр олны өмнө үг хэлэх гэж байх үед нэгэн эрэгтэй цилиндр хэлбэртэй тэсрэх төхөөрөмжийг олны дундаас шидсэн нь цугласан олныг үймж сандрахад хүргэсэн бөгөөд Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй байна. 

Хёго мужийн оршин суугч, 24 настай Кимүра Рюжи гэгч этгээдийг хэргийн газарт баривчилжээ. Сэжигтэн өмгөөлөгчгүйгээр цагдаагийн асуултад хариулахаас татгалзсан байна.

Цагдаа нар К.Рюжигийн гэрт өнөө өглөө нэгжлэг хийжээ. Хэргийг мөрдөн шалгаж буй эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтэн тэсрэх төхөөрөмж байж болзошгүй хоёр зүйлийг хэргийн газарт авчирч, нэгийг нь ашигласан байна. 

Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)