В.В.Кильпякова: ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт 620 монгол оюутан хамрагдах боломжтой

Б.Туул

   ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсын 620 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэжээ.  Энэ тухай Монгол дахь Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газар буюу Россотрудничество агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч В.В.Кильпяковатай ярилцлаа.

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт албан ёсоор зарлагдсан уу. Олон нийтийн дунд зарлагдсан, зарлагдаагүй гэсэн төөрөгдөл яваад байна. Тиймээс ярилцлагынхаа эхэнд энэ талаарх мэдээллээ онцолъё?

-ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монголын оюутан залуусыг бакалавр, магистр, докторын зэрэгт 100 хувь үнэ төлбөргүй суралцуулахаар, мэргэжил дээшлүүлэхээр 550-600 тэтгэлгийг олгодог.

2023-2024 оны ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 2022 оны арванхоёрдугаар сарын 24-нд албан ёсоор зарлагдсан. Бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 20-ыг хүртэл үргэлжилнэ.

Энэ тухай зар мэдээллийг бид www.education-russia.com сайтад байршуулсан байгаа. Мөн Монгол Улсад сошиал медиа маш сайн хөгжсөн учир энэ мэдээллээ бид “Русский Дом” 26 мянган гишүүнтэй фэйсбүүк  хуудсанд давхар байршуулсан. Одоогоор дээрх боловсрол мэдээллийн сайтад 30-40 хүүхэд бүртгүүлсэн байна.

-Энэ онд хэдэн оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах вэ. Монгол оюутнуудад олгож буй квот нэмэгдсэн үү?

-ОХУ-ын Засгийн газраас жил бүр 15 мянган тэтгэлэгт хөтөлбөрийг дэлхий даяар зарладаг байсан бол 2021 онд 18 мянга болгон нэмэгдүүлсэн. Цаашид ч бас үе шаттайгаар нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монгол Улсын хувьд, тэтгэлэгт хуваарийнхаа тоог 2013 оноос эхлэн үе шаттай нэмэгдүүлсэн байдаг. 2021 онд 550 хуваарь олгож байсан бол 2022 онд тэтгэлгээр суралцах оюутнуудын тоог 600 болгон нэмэгдүүлсэн. Ирэх хичээлийн жилд буюу 2023-2024 онд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 620 монгол оюутан хамрагдах квотыг зарласан байгаа.

- Тэтгэлгээр суралцах залууст Улаанбаатар хотод байрлах Русский Дом буюу РЦНК-аас явуулж буй үйл ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. Орос хэлний бүсийн олимпиадад оролцох, орос хэлний сургалтад хамрагдсан байвал давуу тал болж өгдөг.  Тиймээс энэ талаарх мэдээллийг сонсъё?

- Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв буюу РЦНК, “Русский Дом” нь ОХУ-д суралцах, ялангуяа ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гээд хэрэгтэй мэдээллийг өгдөг. Мөн бид ирээдүйн оюутнуудыг бэлтгэх үүднээс  хөдөөгийн алслагдсан аймаг, сумдад орос хэлний олимпиадыг жил бүр амжилттай зохион байгуулдаг.  Ялангуяа, оюутан, сурагч, багш нарын хувьд ОХУ-д тэтгэлгээр суралцах, Засгийн газрын тэтгэлгээр боловсролын зэрэг хамгаалах, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд Монгол Улсад зохион байгуулагддаг дээрх олимпиадад оролцох нь чухал ач холбогдолтой байдаг.

Орос хэлний улсын олимпиадад Монголын 21 аймгийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид сайн дураараа, үнэ төлбөргүй оролцох боломжтой.

Энэ жилийн хувьд бид бүсийн олимпиадыг  Увс, Ховд, Говь-Алтай, Завхан зэрэг баруун бүсийн,  аймгуудад зохион байгуулсан. Мөн Хэнтий, Говь сүмбэр зэрэг төвийн бүсийн аймагт зохион байгуулаад байна. Орос хэлний улсын олимпиадад аймаг тус бүрээс орос хэлний мэдлэгтэй, ОХУ-д суралцах хүсэлтэй, цөөн тооны 5-6 хүүхэд ирж оролцдог. Шалгарсан хүүхдүүдэд ОХУ-д суралцах эрх бүхий сертификатыг олгодог.

-Зарим мэргэжлийн чиглэлд нэмэлт шалгалт өгдөг байх аа?

- ОХУ-д инженер, техник, эдийн засгийн чиглэлээр суралцах гэж байгаа хүүхдүүд математикийн хичээлээр нэмэлт шалгалт өгнө. Анагаах ухаан, биологийн чиглэлээр суралцах бол химийн хичээлээр нэмэлт шалгалт өгөөд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхтэй болдог. Орос хэлний улсын олимпиадад  оролцсон  бол энэ нь  давуу тал болж өгдөг.   

-ОХУ-ын тэтгэлэг TOEFL, IELTS, HSK шиг хэлний оноо шаардахгүй, санхүүгийн баталгаа гаргах хэрэггүй гээд олон давуу талтай. Гэсэн ч элсэгчид тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг. Энэ тухай?    

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцахад бид бакалавр, магистр, докторт суралцах элсэгчдийг бүртгэж авна. Ингэхдээ бакалаврын сургалтад суралцах хүмүүстээ гол анхаарлаа хандуулна. Бакалаврын зэрэг горилогчид буюу ЕБС төгсөгчдийн хувьд, мэдээж орос хэлтэй байх ёстой. ОХУ-д очоод хэлний бэлтгэлд суух ч гэсэн орос хэлтэй, ойр зуурын өөрт хэрэгтэй мэдээллээ солилцдог байгаасай гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа.

Мөн аттестатын  дүн “A”, “B” үнэлгээтэй байх,  I, II курсын оюутнууд болон магистр, докторын зэрэг горилогчдын хувьд гол ч оноо 2.8-аас доошгүй байх ёстой.

Та эдгээр энгийн шаардлагуудыг хангаж байхад болно. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистрт суралцахаас гадна  аспирантур, ординатур, орос хэлний сургалтад суралцах хүсэлтэй хүн бүхэнд манай улсын боловсролын салбар  нээлттэй.

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хуваарилалт магистр, докторт суралцах гээд янз бүр байгаа байх. Бакалаврын түвшний суралцагсдад хэдэн хувь нь оногдох  вэ? 

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах 620 квотын ихэнх нь бакалаврт суралцагчид, 20 хувь нь магистрантур, 15 хувь нь аспирантурт, ординатур, 10-аас ихгүй хувь нь анагаах ухааны салбарт суралцагсдад зориулагдаж байгаа. ОХУ-ын их сургуулиудад сонгон судалдаг хамгийн түгээмэл чиглэлүүдийн нэг нь анагаах ухаан байдаг.

Оросын их дээд сургуулиуд анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрийг их зарладаг. Жишээ нь, өнгөрсөн жил 23 мянган тэтгэлэг олгож байсан бол энэ жил 30 мянган тэтгэлэг олгож байгаа. Тиймээс анагаах ухааны чиглэлийг сонгон суралцагсдад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцахад тодорхой хувь зааж өгсөн байгаа.

-ОХУ-ын геополитикийн асуудал, бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдал тус улсыг сонгон суралцах гадаад оюутнуудад эрсдэл үүсгэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Мэдээж, ОХУ-ын цаг үеийн байдалд санаа зовж байгаа хүмүүс байгааг үгүйсгэх аргаггүй. Цаг үе болгон өөр байдаг. Тухайлбал, бид өнгөрсөн жил дэлхий даяараа “COVID-19”-ийн халдвартай нүүр тулж байсан. Хүн болгон зайнаас ажиллаж, суралцахыг чухалчилсан ч энэ нь хүн болгонд харилцан адилгүй үр дүнг үзүүлсэн.

ОХУ-ын одоогийн нөхцөл байдал оюутнуудын сурах, амьдрах орчин нөхцөлд сөргөөр нөлөөлнө гэж бодохгүй байна. ОХУ-ын аюулгүй байдлын арга хэмжээ цаг ямагт дээд түвшинд хангагдсан байдаг.

Элсэгчдийн дунд Москва, Санкт-Петрбург рүү явж суралцах хүсэлтэй оюутан олон байдаг. Гэтэл орон нутгийн, Монголд ойрхон, Эрхүү, Буриад улс руу явж суралцах боломжууд нээлттэй байна. Том хотод суралцах, жижиг газар суралцах нь оюутнуудын сурлагын чанар, амьдрах орчин нөхцөлд ч илүү сайн анхаарал хандуулдаг гэдгийг сайн мэддэггүй. Тиймээс одоо элсэж буй оюутнууддаа суралцах хот, сургуулиудаа сайн судлаарай. Бүс нутагт очиж суралцаасай.

 Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан сургалтын байр, судалгааны лаборатори, боловсрол, шинжлэх ухааны төв, багшлах боловсон хүчин, дотуур байр маш сайн хангагдсан байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй.

Гадаад оюутнуудад энэ талын мэдээлэл хомс байдаг нь бид мэдээллээ хангалттай сайн түгээж чаддаггүйтэй холбоотой байх. Жишээлбэл, ОХУ-ын Буриад улсын хувьд дэд бүтэц сайн хөгжсөн. Сургалтын төлбөр хямд, суралцах орчин нөхцөл сайн гээд олон давуу талтай. Тиймээс ирэх жилүүдэд ОХУ-ын боловсролын үзэсгэлэнд оролцох сургуулиуд энэ талаарх мэдээллээ илүү түлхүү өгч танилцуулаасай гэж бодож байна.

-Тэтгэлгээр суралцах оюутнууд ОХУ-ын хэдэн их сургуулиас сонголт хийх  боломжтой вэ? 

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнууд 170-180 их дээд сургуулиас сонирхсон мэргэжлийнхээ дагуу сонголтоо хийх боломжтой. Тухайлбал, Алс Дорнодын холбооны их сургууль маш сайхан орчин нөхцөлтэй. Мөн ОХУ-ын Саха (Якут) улсын их сургууль, Казаны холбооны их сургууль, Красноярск, Краснодар зэрэг их сургуулиудаас сонгон суралцах боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрт суралцахыг хүссэн элсэгчид анкет бөглөж илгээхдээ ОХУ-ын өөрийн сонирхсон зургаан их сургуулийг сонгох боломжтой.  Ингэхдээ нэг хотод хоёр том их сургуулийг сонгож болно.

Гэтэл тэтгэлгээр суралцахыг хүссэн оюутнууд дунд суралцах сургуулиа сонгож мэддэггүй олон хүн байдаг.  Дээрээс нь нэгэнт сонгосон сургуулиа дараа нь сольж болдоггүй учраас мэргэжлийн чиглэл болон суралцах сургуулиа зөв сонгоорой.  Эцэг, эх гэр бүлтэйгээ сайн зөвлөлдөөрэй гэж хэлье.

-Ярилцлагынхаа төгсгөлд та ОХУ-д суралцах хүсэлтэй оюутан залууст зөвлөгөө өгөөч. Элсэгчдийн хувьд онцгойлон анхаарах зүйлс байгаа болов уу?

-Энэ жил ОХУ-д Монгол Улсаас оюутан суралцаж эхэлсний 100 жилийн түүхэн ой тохиож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд нийт 70 мянга гаруй төгсөгчдийг бэлтгэсэн нь боловсрол соёлын салбарт үнэхээр бахархууштай үзүүлэлт бөгөөд ОХУ-д мэдлэг мэргэжил эзэмшсэн төгсөгчид  одоо бүгд төр засгийн болон бизнесийн, бусад олон салбарт амжилттай ажиллаж байна. Энэ сайхан уламжлалыг цаашид үргэлжлүүлэхийг хүсээд зорьсон зорилго, мөрөөдлөө биелүүлэхэд шаардагдах эрүүл мэнд, хүч чадлыг  хүсэн ерөөе.

Хүн болгонд боломж бий, гол нь хүсэл мөрөөдөл байх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөл заавал биеэлдэг учиртай. Тиймээс хичээх хэрэгтэй. Анхаарах зүйлсийн хувьд, нэн түрүүнд, бичиг баримтын зөв бүрдүүлэлтэд онцгой анхаарах ёстой. Анкетын асуулгыг маш анхааралтай бөглөж ямар мэргэжил сонгохоо сайн бодож, паспортны хугацаагаа шалгах хэрэгтэй.

Учир нь жилийн дараа хугацаа нь дуусах бол өргөдөл өгөх боломжгүй. Мэргэжил сонгохдоо сайтар нягтлах хэрэгтэй. Мэдээж, шаардлагатай зөвлөгөө мэдээлэл дээр бид тусалж дэмжинэ, их сургуулиуд ч чиглүүлнэ.

Хамгийн гол нь хувийн мэдээлэл, мэргэжил сонголт, суралцах сургууль зэргээ зөв сонгож, бөглөх хэрэгтэй гэдгийг анхааруулъя. Мөн элсэгчдэд сануулахад, тэтгэлгийн сонгон шалгаруулалтад хамруулж өгнө гэсэн амлалт өгч буй ямар нэгэн компани, хувь хүн, байгууллагаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

Учир нь ОХУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулдаг цорын ганц албан ёсны төлөөлөгч нь Улаанбаатар дахь Орос Ордон (РЦНК) гэдгийг санах хэрэгтэй. Мөн аливаа нэгэн зуучлалын үйл ажиллагааг өөр ямар ч газар явуулах эрхгүй, энэ нь хууль бус үйлдэл гэдгийг сануулъя.

 

Эх сурвалж: News24.mn 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.25.27)