ШУУРХАЙ: Сөүлийн Итэвонд болсон хэрэг явдлын улмаас 270 орчим хүн сураггүй болоод байна

Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон дүүрэгт өчигдөр буюу 10-р сарын 29-ний үдэш Халловен баяр тэмдэглэхээр нарийн давчуу гудманд хэт олон хүн цугларснаас бөөгнөрөл үүсч олон хүний амь эрсэдсэн харуусалтай явдал болжээ. Энэ хэрэг явдлын улмаас 150 гаруй хүн нас барж, 80-аад хүн гэмтэж бэртсэн тухай Ёнсан хотын гамшигтай тэмцэх газраас мэдэгдснийг Ёнхап агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгосын цагаар өчигдөр орой 10 цаг 15 минутад осол гарсан гэсэн дуудлага тус улсын Онцгой байдлын газарт ирсэн байна. Тодруулбал, Итэвон дүүрэгт байрлах Hamilton зочид буудлын ойролцоох нарийн гудманд 100-мянгаад хүн цугларсны улмаас бөөгнөрөл үүсч олон хүн дарагдаж амиа алджээ. Ёнхап мэдээллийн агентлагийн уламжилснаар, өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар, нас барсан хүний тоо 151 болжээ. Үүнээс 19 нь, Узбекистан, Хятад, Норвег зэрэг улсын иргэд байна.

Мөн 82 хүн гэмтэж бэртсэний 19 нь маш хүнд бэртсэн тул амь үрэгдэгсдийн тоо цаашид өсч болзошгүйг Ёнсан хотын гамшигтай тэмцэх албанаас мэдэгджээ. Хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу 20-иод насныхан байна. Түүнчлэн Ням гарагийн өглөөний байдлаар ослын улмаас 270 орчим хүн сураггүй байгаа тухай Сөүл хотын захиргаа мэдэгдсэн. Эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ явдлын улмаас БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёоль ийм харуусалт хэрэг гарч олон хүнээ харамсалтайгаар алдсанд гүн эмгэнэл илэрхийлж үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ.

Одоогоор албаныхан осол хэргийг нарийвчлан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийн газарт хүмүүс олны танил хүмүүсийг харах гэж бөөнөөрөө цугларсан эсвэл цэнгээний газарт хар тамхитай чихэр тараасан гэсэн цуурхал гарсан хэдий ч ослын тодорхой шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа тухай Ёнхап уламжилжээ. БНСУ-д болсон энэ аймшигт хэрэг явдалд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

  •  
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)