Нуруун дээрх батгатай хэрхэн тэмцэх вэ?

Юун түрүүнд, нуруун дээр гарсан батгыг ямарваа нэг нүүрний тос, маск, батганы түрхлэгээр эмчлэх нь зөв арга биш юм. Нуруун дээрх батга нь нүүрний батгатай ижил шалтгаанаар гардаг ч (хэт их себум буюу тослог ялгарч бактери үржих нөхцөл үүссэн тохиолдолд) эмчлэх арга нь өөр гэдгийг арьсны эмч нар хэлдэг билээ. Тэгвэл мэргэжилтнүүд ямар аргуудыг онцолдог вэ?


Зориулалтын биеийн саван

Нуруун дээрх батгатай хэрхэн тэмцэх вэ? (фото 1)

Бензоилын хэт исэлтэй (5-10%) бүтээгдэхүүн

Бензоилын хэт исэл нь нурууны батгыг эмчилдэг гэдэгтэй дэлхийн дийлэнх арьсны эмч нар санал нийлдэг. Тус бодис нь бактерийг устгаж, үрэвслийг намдааж, цаашид батга гарахаас сэргийлдэг ашигтай юм. Та бензоилын хэт ислийн найрлагатай шингэн, хатуу ямар ч төрлийн савангаас сонголтоо хийж хэрэглэх боломжтой. Анхааруулахад, тус бодис нь алчуур, хувцсанд тань хүрсэн тохиолдолд толбо тогтоодог тул биеэ сайтар усаар угаагаарай.

Цайрын найрлагатай хагны эсрэг шампунь

“Charlottesville Dermatology”-ийн арьсны эмч Дебра Элдерийн хэлж буйгаар pityrosporum гэх мөөгөнцөр нь (үсний хаг үүсгэдэг) нуруун дээрх батга үүсэх шалтгаануудын нэг гэнэ. Тиймээс тус бичил биетээс ангижрахын тулд цайрын найрлагатай бүтээгдэхүүнээс арав хоногийн турш, дараа нь долоо хоногт нэг удаа хэрэглэхийг зөвлөжээ.

Массажны порлон эсвэл үрэгч

АНУ-ын арьс судлалын зөвлөлийн мэргэшсэн эмч Нэнси Самолитис нь хүмүүс нуруугаа нүүрний арьс шиг өдөрт хоёр удаа угааж, цэвэрхэн байлгаж чаддаггүй тул массажны порлон эсвэл үрэгчийг батга гарахаас сэргийлэх зорилгоор ашиглахыг зөвлөжээ. “Эдгээр бүтээгдэхүүн нь батгыг эмчлэх үндсэн арга биш ч гэсэн цусны эргэлтийг түргэсгэж, арьсан дээрх бохирдлуудыг болон үхэжсэн арьсыг арилгах болно” хэмээн Нэнси онцолсон байна.

Нурууны маск

Мөн та 10% бензоилын хэт исэлтэй цэвэрлэгчээ нуруун дээрээ 5-10 минут тавьж маск байдлаар хэрэглэх боломжтойг доктор Папри Саркар онцолжээ.


Хоолны дэглэм

Нуруун дээрх батгатай хэрхэн тэмцэх вэ? (фото 2)

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хоол хүнс

“Үрэвсэл дардаг үйлчилгээтэй навчит ургамал, загас, улаан лоолийг хоолныхоо цэсэд оруулах нь таны батганы эмчилгээг дэмжих болно” - Modern Dermatology эмнэлгийн үүсгэн байгуулагч, арьс судлалын эмч.

Элсэн чихрийн хэрэглээгээ багасгах

“Элсэн чихэр, нүүрс усны хэрэглээгээ багасгах шаардлагатай. Оронд нь авокадо, хулд загас, хушга зэрэг Омега 3-аар баялаг хоол, хүнсийг өргөнөөр хэрэглээрэй” – АНУ-ын арьс судлалын зөвлөлөөр мэргэшсэн, арьсны эмч Сара Грир.


Ариун цэвэр сахих

Нуруун дээрх батгатай хэрхэн тэмцэх вэ? (фото 3)

Хувцас, ор, хөнжлийн даавуу, алчуураа тогтмол солих

Бохир хувцас, даавуу, алчуур нь бактери үүсэх таатай нөхцөл болдог тул тогтмол цэвэрлэх нэн шаардлагатай юм.

Биеийн хүчний ажлын дараа усанд орох

Арьс судлалын эмч Хилари С. Райх нь “Ялгарсан хөлсөө тэр дор нь угаахгүй удахад арьсны нүх, сүвнүүдээс хэт их тослог ялгарч, цаашид батга гарч, үрэвсэх шалтгаан болдог” хэмээн онцолжээ. Хэрэв та тогтмол усанд орох боломжгүй нөхцөлд байгаа бол салфетка хэрэглэх боломжтой.


Спортоор хичээллэхдээ

Нуруун дээрх батгатай хэрхэн тэмцэх вэ? (фото 4)

Хэт бариу хувцас өмсөхөөс зайлсхийх

“Хэт бариу хувцас нь арьсны нүх, сүвийг бохирдуулж, үсний уутан хальсыг үрэвсүүлдэг сөрөг талтай билээ”- Охайо мужийн их сургуулийн арьс судлалын тэнхимийн профессор Жон Тринидада.

Стеройдоос зайлсхийх

Арьсны өвчин судлалын эмч Холли Хэнсон нь стеройд бол хүнийг зан авирын хувьд түрэмгий болгоод зогсохгүй сорви үлдээдэг батга гаргадаг гэжээ. 


Мэргэжлийн арьсны эмчид хандаарай

Та эмчилгээгээ юун түрүүнд мэргэжлийн хүний зөвлөгөөнөөс эхлүүлээрэй. Эмч нар таны батга гарах болсон шалтгааныг тогтоож зөвхөн танд тохирох эмчилгээг (эмийн, дааврын, гаднаас нь түрхлэг хэрэглэж, шарлага хийх зэрэг) бичиж өгөх болно.

Эх сурвалж: buro247.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)