Хүний нууцыг цахим сүлжээгээр задалсан бол 5 жил хүртэлх хорих ял онооно

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан дараах саналыг боловсруулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэдгээр саналуудыг дэмжсэн хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлсэн бөгөөд эцэст нь санал хураахад Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)