Хятадын сансрын нисэгчид яаралтай нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийжээ

Хятадын тойрог замын станцын сансрын нисэгчид урьдчилан тооцоолоогүй ямар нэгэн биеттэй мөргөлдсөн тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийлээ гэж БНХАУ-ын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлжээ.

“WeChat” нийгмийн сүлжээн дэх тус байгууллагын хуудсанд тэмдэглэснээр, сансрын нисэгчид станцын үндсэн модуль болох “Тяньхэ”-гээс “Шэнжоу-13” жолоодлогот хөлгийн буцах капсул руу гарах алхмуудыг боловсруулсан байна. Сургуулилалтын гол зорилго нь станц амьсгалах агаарын нөөц болон агаарын шаардлагатай даралтгүй болсон тохиолдолд багийнхны аюулгүй байдлыг хангах явдал аж.

Осол гарсан тохиолдолд Хятад улс сансрын станцаасаа яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж чадна гэж жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн орлогч дарга Линь Сизян өмнө нь ярьсан байна. Түүний хэлснээр, жижиг хог хаягдал Хятадын станцад хор хөнөөл учруулахгүй бол том биетүүдийн хувьд "мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд маневр хийх боломжтой байх аж".

Хятадын станц 400 орчим км-ийн өндөрт байрлах бөгөөд 10 гаруй жил ашиглах төлөвтэй байна. "Тяньгун"  буюу “Тэнгэрийн ордон” хэмээн нэрлэсэн тойргийн замын станц нь T хэлбэртэй байх бөгөөд дунд хэсэгт нь "Тяньхэ" үндсэн модуль, хоёр талд нь лабораторийн хоёр модулийг угсарна. Лабораторийн модуль тус бүрийн жин 20 гаруй тонн, станцын нийт жин 66 тонн байх бол лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх аж. Сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой байна. 

Станцыг тойрог замд угсрах ажлыг 2022 онд дуусгахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: БЭЭЖИН. /TASS/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.90.131.200)