“Squid Game” уг цувралтай ижил төстэй зургаан АНИМЭ

“Squid Game” (2021) цуврал сэтгэл хөдөлгөм түүх, гэнэтийн өрнөлөөрөө үзэгч олны анхаарлыг татаад байгаа билээ. Уг цуврал нээлтээ хийсэн эхний дөрөв хоногтоо үзэгчдийн тоогоороо тэргүүлж дэлхий нийтийг байлдан дагуулсан. Анимэ сонирхогчид ч энэ бүтээлийг үзсэн нь дамжиггүй.
Тийм учраас бид энэ удаагийн дугаартаа уг цувралтай ижил төстэй санааг илэрхийлсэн зургаан анимэг танилцуулж байна.

1. FUTURE DAIRY
Юкитерү Аманогийн зорилго бол амьд үлдэх!
Нэршил: Future dairy, Mirai Nikki
Үнэлгээ: 7.48
Ангийн тоо: 26
Төрөл: адал явдалт, нууцлаг, ид шидийн
Үйл явдал: Юкитерү Амано бол ахлах сургуулийн сурагч. Тэрээр хүмүүстэй харилцахаас гар утсан дээрээ өдрийн тэмдэглэл бичихийг илүүд үздэг бөгөөд түүний цорын ганц хамтрагч нь цаг хугацаа, орон зайн бурхан Deus Ex Machina хэмээх төсөөллийнх нь найз юм. Гэвч Юки удалгүй Deus-ыг бодит амьдрал дээр оршдог гэдгийг олж мэднэ. Учир нь Deus-ийн түүнд өгсөн тэмдэглэлээс болж Юки арван нэгэн хүнтэй хамт тулаант тоглоомд орохоор болдог. Энэхүү "Өдрийн тэмдэглэл" тоглоомын хүрээнд оролцогчдод ирээдүйг урьдчилан таамаглах тусгай өдрийн тэмдэглэл өгнө. Өдрийн тэмдэглэл бүр нь давуу болон сул талуудыг хоёуланг нь агуулсан өвөрмөц онцлогтой байдаг.

2. BTOOOM!
Тоглоом уу, бодит ертөнц үү?
Үнэлгээ: 7.34
Ангийн тоо: 12
Төрөл: Адал явдалт, нууцлаг, уран зөгнөлт, шинжлэх ухааны
Үйл явдал: Риота Сакамото бол  22 настай, ажилгүй, ээжтэйгээ амьдардаг видео тоглоом тоглохоос өөр юу ч хийдэггүй нэгэн. Бодит амьдрал дээр түүнд хийж бүтээсэн зүйл байхгүй ч онлайн орчинд тэрээр Btooom нэртэй байлдаант тоглоомын дэлхийн шилдэг тоглогчдын нэг. Нэгэн өдөр тэрээр халуун орны арал дээр сэрнэ. Гэхдээ тэнд яаж, ямар шалтгаанаар очсон бэ гэдгээ огт санахгүй. Риота арлыг судалж яваад нэгэн үл таних хүнтэй таарна. Гэвч үл таних хүн түүн рүү бөмбөг шиднэ. Тэрээр өөрийнх нь амь насанд аюул заналхийлж байгааг ухаарах мөчдөө дуртай тоглоомынхоо орчинд шилжин ирсэн байгаагаа ойлгоно. Энэхүү үхлийн аюултай тоглоомоос гарах ганц л гарц бий. Тоглоомд оролцож буй долоон тоглогчийг бүгдийг нь хөнөөж ногоон болрыг авбал гэртээ аюулгүй харина. Тэдэнд цүнх дүүрэн бөмбөгнөөс өөр зэвсэг үгүй.

3. DARWIN’S GAME
Амьдралын төлөө цөхрөлтгүй гүй!
Үнэлгээ: 7.27
Ангийн тоо: 11
Төрөл: Адал явдалт, нууцлаг, шинжлэх ухааны
Үйл явдал: Ахлах сургуулийн сурагч Канамэ Судоу ангийнхаа найзаас гар утасны тоглоом болох “Darwin’s game”-ыг тоглох урилга хүлээн авна. Аппликейшнийг нээтэл гэнэт утасны дэлгэцээс ногоон могой гарч ирэн түүнийг хүзүүг нь хатгаснаар хүү ухаан алдана. Могойд хазуулсан ямар ч шинж тэмдэггүй эмнэлгийн өрөөнд сэрсэн тэрээр өөрийгөө хий зүйл харсан гэж өөртөө итгүүлэх гэж оролдоно. Ингээд эмнэлгээс гарч гэртээ очсон ч өнөөх тоглоом нь түүнийг сонирхлыг татсаар байсан тул энгийн тоглоом гэж бодож тоглоомыг эхлүүлнэ. Гэвч өрсөлдөгч нь түүний урд гарч ирэн хутгаар түүнийг хороох гэж оролдоно. Энэ тоглоом бол энгийн тоглоом биш, харин амьд үлдэхийн төлөөх харгис тэмцэл гэдгийг тэрээр эцэст нь ойлгоно.

4. HIGH-RISE INVASION
Өөрөө амьд үлдэхийг хүсэх ч дүүгээ аврах ёстой!
Нэршил: High-rise invasion, Tenkuu Shinpan
Үнэлгээ: 6.79
Ангийн тоо: 12
Төрөл: Адал явдалт, аймшгийн, нууцлаг
Үйл явдал: 16 настай Юри Хонжоу гэх охин өндөр байшингийн дээвэр дээр нэгэн маск зүүсэн эр хэн нэгний толгойг сүхээр тасалж байгааг гэрчилдэг. Тэрээр нүүрээ халхалсан этгээдээс зугтаж байхдаа хаалга бүр нь цоожтой эзгүй байшинд байгаагаа ойлгоно. Юри гарц хайж цөхрөнгөө барсаар дээвэр дээр гарахдаа ямар ч амьдрал байгаа гэсэн шинж тэмдэггүй өндөр байшингаар хүрээлэгдсэн газар байгаа гэдгээ мэднэ. Гэсэн ч дүү нь мөн адил энэ газарт байгаа гэдгийг мэдсэнээр тэрээр дүүгээ олж энэ там шиг газраас амьд гарахыг хичээнэ. Юри амьд үлдэх болов уу?

5. PLATINUM END
Амьдрал чинь нүдний чинь өмнө нурж байсан ч “Бурхан” болох боломж олдвол яах вэ?
Үнэлгээ: 7.6
Ангийн тоо: 24
Төрөл: Драма, ид шидийн
Үйл явдал: Эцэг эх нь нас барсны дараа бяцхан Мирай Какэхаши догшин авиртай хамаатныхаа асрамжид очно. Тэр цагаас хойш хүү үргэлж гуниглаж, сэтгэлээр унасан байдалтай явах болж дунд сургуулиа төгсөх оройдоо амиа егүүтгэх оролдлого хийнэ. Гэвч Нассе хэмээх сахиусан тэнгэр Мирайг аварч түүнд супер хүч өгөн “Бурхан” болох боломж олгоно. Бурхан болох сорилт амар биш. 999 хоногийн дотор бурхан болохоор өрсөлдөж буй 12 хүнийг ялах ёстой. Дэлхийн хамгийн хүчирхэг нэгэн болохыг хүссэн хүмүүсийн тэмцлийн үр дүн юу вэ?

6. KAIJI: ULTIMATE SURVIVOR
Азаас илүү ур чадвар. Хувь тавилан байдаг гэдэг нь үнэн юм болов уу?
Үнэлгээ: 8.28
Ангийн тоо: 26
Төрөл: адал явдалт, сэтгэл зүйн, триллер
Үйл явдал: Нэгэн өдөр өр цуглуулагч гэмээр хүн Кайжи Итоутай ирж уулзана. Кайжигийн хамт ажилладаг байсан хүний өр 300 мянган иен байсан ч хариуцагч нь алга болсон тул зээлийн материал дээр гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар Кайжи энэ өр болон хүү нь нийлсэн 4 сая иенийг төлөхөөр болно. Кайжи өрийг төлөх боломжгүй байсан тул өр нэхэгч түүнд мөнгө зээлж мөрийтэй тоглоом тоглохыг санал болгоно. Хэрэв хэд хэд хожиж мөнгө олж чадвал өрөө дарж чадна. Харин тоглоомд ялагдаж өрийн хэмжээгээ ихэсгэвэл тэр газарт ажиллах ёстой. Дүрэм энгийн мэт санагдах ч энэ бол урхи. Кайжи туршлагатай тоглогчдын дунд өөр тактик ашиглаж, заримдаа бяцхан заль гаргаж амьдралаа дэнчин тавин тамын мөрийтэй тоглоомыг эхлүүлнэ. Энэ цувралын гол санаа нь ядуурал. Хэрэв та “Squid Game” шиг анимэ хайж байгаа бол энэ цувралыг даруй эхлүүлээрэй.
Эх сурвалж: https://animegalaxyofficial.com/7-similar-anime-like-squid-game-you-would-love-to-watch/
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)