Файзерын вакцины татан авалт гурав, дөрөвдүгээр улиралд үргэлжилнэ

Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулж буй 2.35 сая тун Файзерын вакцин худалдан авч Монгол Улсад нийлүүлэх ажил өнгөрсөн сарын 16-наас эхэлсэн бөгөөд өнөөдөр зургаа дахь татан авалтаа хийлээ.

Өнөөдрийн татан авалтаар нийт 92 490 тун Файзерын вакцин ирсэн бөгөөд энэ сарын 28-нд дахин 132 210 тун вакцин хүлээн авахаар төлөвлөж байна. Одоогоор нийт зургаан удаагийн татан авалтаар, 417 690 тун хүлээн аваад байгаа юм.

Ийм байдлаар Файзерын вакциныг худалдан авч нийлүүлэх ажил энэ оны гурав ба дөрөвдүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэх юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар, нэг сая 860 мянга 497 хүн коронавирусний эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн бөгөөд нийт хүн амын 57.2 хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.192.22.242)