УИХ-ын гишүүн Б.Энхбаяр БНПУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэдгийг онцлов.

Элчин сайд Кшыштоф Бойко Монгол, Польш хоёр улсын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Элчин сайдын хувьд хоёр орны найрамдалт харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дурдав. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон боловч цар тахлын улмаас төлөвлөсөн ажлууд хойшилсон. Гэсэн ч БНПУ-ын Сеймийн (парламентын) дэд маршал Малгажота Гошевскагийн Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд БНПУ Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод дахин нээсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Хоёр орны хамтын ажиллагааны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх арваннэгдүгээр сард эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ хурлыг БНПУ-ын Сеймийн дэд маршал өөрийн ивээл дор зохион байгуулахаа мэдэгдсэн. Мөн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэнд баяртай байна хэмээн Элчин сайд онцлов.

 

Түүнчлэн ойн хүрээнд Польшийн алдарт хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч Фредерик Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын гурав дахь удаагийн уралдааныг Монгол Улсын Консерваторитой хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Уг уралдааныг БНПУ-ын Гадаад хэргийн сайд өөрийн ивээл дор зохион байгуулахаар болсон, мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам дэмжин ажиллаж байгааг дуулгалаа.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хоёр орны өндөр дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж хадгалагдаж, хууль тогтоох дээд байгууллагууд болон түүний Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн ардчилал, хүний эрх, эрх чөлөө, олон ургальч үзлийн нийтлэг зарчим, үнэт зүйлстэй хоёр ард түмний харилцааг улам өргөжүүлэхэд парламентын хамтын ажиллагаа, тэр дундаа парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй хэмээн үзэж буйгаа онцлов. Энэ үндсэн дээр парламент дахь найрамдлын бүлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох, гишүүдийг харилцан айлчлуулахад парламентын бүлгийн даргын хувьд идэвхтэй ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааны ойн хүрээнд ирэх намар зохиогдох бүхий л арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцоллоо.

 

Уулзалтын үеэр талууд хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн гээд  бүх салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар саналаа хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)