СТРЕССТЭЙ өглөөг бий болгодог 6 хүчин зүйл

Бид өглөөг хэрхэн угтахаас тухайн өдрийн үр бүтээмж, цаашлаад сэтгэл санааны байдал хамаардаг аж. Тиймээс өглөөг зөв эхлүүлэх нь чухал бөгөөд сэтгэл судлалын ухааны профессорууд хүмүүсийн өглөө бүр хийдэг “буруу зуршил”-уудын тухай ийн ярьжээ.

1. ХАНГАЛТТАЙ САЙН УНТАЖ АМРААГҮЙ БАЙХ

Насанд хүрсэн хүмүүс хоногт 7-9 цаг унтаж амрах ёстой гэдгийг хүн бүр мэддэг.

Зарим хүмүүс өглөө эрт босож дасгал, бясалгал хийдэг. Гэсэн хэдий ч та шөнө хангалттай сайн унтаж амраагүй бол өглөө эрт босож өөртөө ачаалал өгөх нь тийм ч зөв зүйл биш гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, шөнө хангалттай сайн унтаж амраагүй үед бидний симпатетик мэдрэлийн тогтолцоо ачаалж эхэлдэг байна. Ингэснээр зүрх хурдан цохилж, жижигхэн зүйлд ч стресстэж, бүх үйл хөдлөл дарамттай санагддаг аж.

Мөн сэрүүлэгтэй цагаар сэрдэг бол үүнээс аль болох татгалзахыг зөвлөсөн байна. Учир нь сэрүүлэгтэй цаг хүнийг цочоох аргаар сэрээдэг тул стрессийн даавар ялгарах нөхцөл бүрддэг аж. Сэрүүлэгтэй цагны оронд эрт унтаж, тогтсон цагтаа сэрдэг болох аль эсвэл байгалийн гэрэл, дуу чимээ гаргадаг ухаалаг цаг сонгохыг зөвлөжээ.

2. ӨГЛӨӨ СЭРЭЭД ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭ ШАЛГАХ

Ихэнх хүмүүс өглөө сэрээд хамгийн түрүүнд цахим сүлжээгээ шалгаж сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авдаг. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн зүгээс энэ зуршлаа засахыг зөвлөжээ. Ялангуяа өглөө босоод цахим сүлжээгээ шалгасны дараа уурлаж бухимдах зэрэг таагүй сэтгэл хөдлөл мэдрэгдэж байвал энэ нь стрессийн шинж тэмдэг юм. Тиймээс цахим сүлжээг өдөрт нэг цагаас илүү хугацаагаар ашиглах хэрэггүй.

3. КОФЕ УУХ

Өглөө сэрмэгцээ кофе ууснаар бие организм маань сэргэж, эрч хүчтэй болж байгаа мэт санагддаг боловч яг үнэндээ тийм ч зөв зуршил биш гэнэ шүү.

Өглөө боссоны дараа зүрх хүчтэй дэлсэх, сэтгэл түгших зэрэг нь стрессийн даавар болох кортизол ялгарах шалтгаан болдог аж. Иймээс кофе уумаар байвал сэрснийхээ дараа биш сэрснээс дор хаяж гурван цагийн дараа уухыг зөвлөжээ. Харин өглөө бүр кофе уугаад сурчихсан хүмүүст зүрх дэлсэх, уурлаж бухимдах шинж тэмдэг бараг л илэрдэггүй гэнэ.

4. ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХГҮЙ БАЙХ

Өглөө юм идэхийг хүсэхгүй байсан ч заавал өглөөний цай уух хэрэгтэй бөгөөд энэ нь стрессээс сэргийлэх ач холбогдолтой аж. Мэргэжилтнүүд “Зөвхөн өлссөн үедээ л юм иддэг хүмүүс эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна” хэмээн шүүмжилдэг. Мөн өглөөний цайндаа лаазалсан бүтээгдэхүүн, түргэн хоол хэрэглэж болохгүйг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, бид өглөө идэж байгаа зүйлээсээ хангалттай шим тэжээл авах ёстой бөгөөд энэ нь тухайн өдрийг эрч хүчтэй, стрессгүй өнгөрүүлэх эхлэл юм.

5. ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ “ЭРҮҮЛ” ХАРИЛЦАН ЯРИА ӨРНҮҮЛЭХГҮЙ БАЙХ

Танай гэр бүлийнхэн өглөөг хэрхэн эхлүүлж байгаагаас их зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, өглөө сэрээд өчигдрийн таагүй үйл явдлыг ярих, хэн нэгэн нь уурлах зэргээс таны өдөр ямар болж өнгөрөх нь хамаарна гэсэн үг. Тиймээс өглөөг угтахдаа гэр бүлийн гишүүдтэйгээ эрүүл харилцаа үүсгэж байгаарай.

6. ӨГЛӨӨГ УУР УЦААРТАЙ ЭХЛҮҮЛЭХ

Өглөө сэрээд хатуу чанга дүрэм журамд баригдахаас илүүтэй өөрийн дуртай дууг сонсож, бүжиглэж цоглог байх хэрэгтэй. Зарим хүмүүс өглөө босоод бясалгал хийж өөрийн бодол санааг цэгцэлдэг. Харин зарим нь дасгал хийж, тэмдэглэл хөтөлдөг. Мөн унтахаасаа өмнө хэчнээн стресстэй байсан ч өөрийн талархаж явдаг гурван зүйлийнхээ тухай бичиж үлдээвэл өглөөг стрессгүй угтахад тусалдаг гэнэ шүү.

Түүнчлэн, эртэч хүн биш л бол шөнө унтахаасаа өмнө маргаашийн бүх зүйлсээ төлөвлөж, бэлддэг байх хэрэгтэй. Ингэснээр өглөө босоод элдэв зүйл хайж стресстэхээс сэргийлж чадна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)