Идэж болдог дэвтрийн цаас

Япон улс тэр чигтээ сонин хачин зүйлээр дэлхийн бусад улс орныг гайхшруулсаар ирсэн билээ. Тэгвэл тэд энэ удаад бидний амыг мөн л ангайлгаж чадсан юм.

Японы бичиг хэрэг, хэвлэлийн “EINS” компани камихимэ нэртэй тэмдэглэлийн дэвтрийн цуглуулгыг худалдаанд гаргажээ. Хачирхалтай нь энэ дэвтрийн цаасыг идэж болдог гэнэ. Тус компанийн зүгээс ийм бүтээгдэхүүн худалдаанд гаргасан тухайгаа “Тэмдэглэлийн дэвтрийн цаасыг төмсний цардуул, оливийн тос болон усаар хийсэн. Тиймээс ажил, хичээлийнхээ дундуур өлсөөд гэдэс чинь дуугарах гээд байвал цаасыг нь идэж өлссөн ходоодоо түр тайвшруулах боломжтой. Тэмдэглэлийн дэвтэртэй дагалдаж ирэх үзгийн бэхийг мөн ус, нимбэгний хүчил болон хүнсний хүнсний өнгө оруулагчаар хийсэн учраас идэхэд ямар ч асуудалгүй” гэжээ.

Зохион бүтээгчид энэ санаагаа отохимэгээс авсан гэдэг. Отохимэг Японы ариун цэврийн өрөөнүүдэд суурилуулсан байдаг бөгөөд бие засаж буй чимээг дарахын тулд дуу, аялгуу эгшиглүүлдэг төхөөрөмж юм.

Иддэг тэмдэглэлийн дэвтрийн цаас үнэрийн хувьд жүрж, гүзээлзгэнэ, ванил, карри гэсэн дөрвөн сонголттой байна. Дэвтэр нь 20 хуудас цаас болон зориулалтын үзэгтэйгээ дагалдаж ирэх бөгөөд үнийн хувьд 2,000 иен буюу монгол мөнгөөр 52,000 төгрөгтэй тэнцэхүйц байх аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)