Өсвөрийн энтрепренерүүдийн уралдааны шилдэг оролцогчид тодорлоо

Хүүхдийг ивээх сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, МҮХАҮТ, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг зохион байгуулж дүнгээ гарган, ялагчдаа тодрууллаа. 

Тав дахь удаагийн “Global Youth Entrepreneurship Challenge” (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаанд оролцсон багууд өөрсдийн санал болгож буй бизнесээр дамжуулан "COVID-19" халдварын үед хүн амын эрүүл мэндийг хэрхэн хамгаалж болох талаар даалгаврыг биелүүлж, бизнес төлөвлөгөө, бизнесийн танилцуулгыг бэлтгэж өрсөлдөв.

Үндэсний болон олон улсын гэсэн 2 төрлөөр монгол, англи хэлээр явагдсан шалгаруулалтад дараах багууд тэргүүллээ. Үүнд: Үндэсний өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан”-д (монгол хэлээр): 

  • нэгдүгээр байранд "Томужин" альтернатив сургуулийн сурагчдын "Alternative" баг, 
  • хоёрдугаар байрт 44 дүгээр сургуулийн "Bud power" баг,
  • гуравдугаар байрт "Хобби" сургуулийн "Cognoscenti" баг тус тус шалгарлаа. 

Англи хэлээр олон улсын уралдаанд оролцох эрхийн төлөө 12 баг өрсөлдсөнөөс 3 баг тэргүүлж, Япон улсын Токио хотноо энэ оны 5 дугаар сарын 29-нд болох олон улсын уралдаанд орох эрхээ авлаа. 

  • Ялагчаар "Сант" болон "Орчлон" сургуулийн "The Bridge" баг,
  • Хоёрдугаар байрт "MONSAMURAI TECHNOLOGIES" баг (1, 11, 84, 76, "Орчлон", "Шинэ Монгол Косен", "Бритиш скүл" сургуулийн сурагчид) 
  • Гуравдугаар байрт 44 дүгээр сургуулийн "Focus" баг шалгарав. 

Өмнөх 4 жилд нийслэл хотын хэмжээнд зөвхөн англи хэлээр зохион байгуулж байсан тус тэмцээн энэ жил анх удаа Монгол Улсын хэмжээнд монгол хэлээр  явагдав. Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий аймгийн "Сана" баг, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын "Future Star" баг, Төв аймгийн Зуунмод хотоос "Growth" баг, Завхан аймгийн Түдэвтэй сумын сурагчдын “Хөгжлийг бүтээгчид” багууд амжилттай оролцжээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.96.184)