Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг БНЭУ-д туслах асуудлаар ярилцав

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентийн бүлгийн гишүүд өнөөдөр цахимаар уулзаж БНЭУ-д "COVID-19" халдварын цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгч туслах асуудлаар ярилцлаа.

Уг Найрамдлын бүлгийн дарга Б.Саранчимэг уулзалтын эхэнд хэлэхдээ, БНЭУ нь манай улстай өнө эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд амжилттай хөгжиж байна. Монгол Улстай эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын салбарт өргөн хүрээний харилцаатай БНЭУ-ын тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалт өрнөж буйг тэмдэглэв. “COVID-19” цар тахлын халдварын эсрэг "AstraZeneca" вакцины буцалтгүй тусламжийг манай улсад хамгийн анх илгээснийг онцлов.

Бүлгийн гишүүд БНЭУ-ын ард түмэнд хүнд цаг мөчид нь туслах санаачилга ард иргэдийн дундаас болон УИХ, Засгийн газрын түвшинд өрнөж буйг тэмдэглээд, парламентын бүлэг энэ үйлст манлайлж оролцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.  Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Энэтхэгийн ард түмний хувьд нөхцөл байдал онц аюултай хэмжээнд хүрсэн учир Монголын ард түмнээс сэтгэлийн дэм болгож тодорхой хэлбэрээр дэмжиж туслах нь зөв гэдэгт парламентын бүлгийн гишүүд санал нэгдсэн юм.

БНЭУ-ын ард түмэнд сэтгэлийн дэм өгч туслах асуудлыг ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулахыг Засгийн газартай санал солилцсоны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа бүлгийн дарга Б.Саранчимэг цахим уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр, БНЭУ-д “COVID-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо өдөрт 400 мянга орчмоор нэмэгдэж, нас баралт маш өндөр түвшинд хүрснийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд онцолсоор байна.

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 27 гишүүнтэй, хоёр улсын харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)