ОХУ-аас ирэх сард 1.3 сая тун вакцин авна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыбтэй цахим уулзалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссоос “Спутник-V” вакцин худалдан авах хүсэлтийг ОХУ-д тавьсны дагуу Монголд нэг сая тун вакцин нийлүүлэх болсноо ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб уулзалтын эхэнд дурдав. Мөн тэрбээр, ОХУ-аас худалдан авах гэрээний хүрээнд нийлүүлэх нэг сая тун вакцинаас гадна тусламжаар 300 мянган тун “Спутник-V” вакцин олгохоор ажиллаж буйгаа онцолсон юм. Хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас ирэх сарын эхээр болон дундуур нийт 1.3 сая тун вакцин нийлүүлнэ гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан цар тахлын амаргүй цаг үеийг хамтдаа даван туулж, хөрш орнуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд туслаж байгаад талархал илэрхийлээд цаашид вакцины худалдан авалтыг үргэжлүүлэх бодлого баримталж байгаагаа дурдлаа. Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд нийгэм, эдийн засгийг сэргээх үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)