АНУ-д коронавирусний вакцин хийлгэсэн эхээс эсрэг биеттэй хүүхэд төржээ

АНУ-ын Флорида муж улсад жирэмсэн байхдаа коронавирусний вакцин хийлгэсэн, эмнэлгийн салбарын ажилтан болох нэгэн эмэгтэйгээс “COVID-19”-ийн эсрэг биеттэй хүүхэд төржээ. 

Хүүхдийн эмч Пол Гилберт, Чад Рудник нарын хэлснээр, Палм-Бич тойргийн эмнэлгийн ажилтан эмэгтэй жирэмсний 36 долоо хоногтой байхдаа “Moderna” компанийн вакцины эхний тунг хийлгэжээ. Уг эмэгтэй гурван долоо хоногийн дараа, нэгдүгээр сарын сүүлчээр төрж, мэргэжилтнүүд хүүхдээс цусны шинжилгээ авсан байна.

“Жирэмсэн үед бусад вакциныг хийсний дараахтай адил эсрэг биет эхээс хүүхдэд дамждаг эсэхийг тодруулахаар бид хүйн цусны шинжилгээ авахад хүүхдээс эсрэг биет илэрсэн” гэж Пол Гилберт орон нутгийн “WPBF” телевизэд ярьжээ. 

"Бидний мэдэж байгаагаар энэ бол вакцин хийсний дараа эсрэг биеттэй хүүхэд төрсөн анхны тохиолдол юм" гэж Гилберт хэллээ.

Пол Гилберт, Чад Рудник нар хийсэн судалгааныхаа талаар нийтлэл бичиж, medRxiv цахим хуудаст нийтэлжээ. Одоо тэдний дүгнэлт шинжээчдээр шалгагдах ёстой юм. 

Эмч нар нийтлэлдээ өмнө нь “COVID-19”-ийн халдвар авч байгаагүй эмэгтэйгээс эсрэг биеттэй хүүхэд төрсөн болохыг онцолжээ. Гэсэн хэдий ч "жирэмсэн үед коронавирусний вакцины аюулгүй байдал, үр дүнг шалгах шаардлагатай" гэж үзэж байгаа аж. Вакцин хийлгэсэн эхээс төрсөн хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй байж магадгүй гэж мэргэжилтнүүд нэмж дурджээ.

Эх сурвалж: ЖЭКСОНВИЛЛ. /RIA Novosti/

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)