Үзвэр, үйлчилгээг хорих саналаа маргааш Засгийн газарт танилцуулна

Халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул нийслэлд зохион байгуулж буй үзвэр үйлчилгээг хойшлуулах саналаа НОК-оос Засгийн газарт хүргүүлж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр мэдээллээ. 

УДЭТ-ын "Анна каренина" жүжгийн үзвэрээс коронавирусээр халдварласан 54 тохиолдол өнөөдөр илэрсэн. Тус жүжгийг энэ сарын 3-6-ны өдөр нийт 900 гаруй хүн үзсэн байна. Тэдгээрийг энэ сарын 9-10-нд PCR шинжилгээнд хамруулахаар болж байгаа аж.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэм сахин зохион байгуулах байсан ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тэдгээрийг хойшлуулах, хот эрсдэлгүй болсон үед үргэлжлүүлэх нь зүйтэй гэж НОК үзсэн гэдгийг тэрээр тэмдэглэв. Энэ саналыг маргааш 09.00 цагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахаа илэрхийлэв. 

Мөн халдвар тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг олон хүн цугларсан газар очихгүй байхыг уриаллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.193.238)