“You” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд

Энэ удаагийн дугаараараа жихүүдэс төрүүлэм хэдий ч маш сонирхолтой түүхийг өгүүлэх “You” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.8/10
Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 90%
Эхний анги цацагдсан огноо: 2018 оны есдүгээр сарын 9
Нийт бүлгийн тоо: 2

Үйл явдал: Номын дэлгүүрийн менежер, царайлаг залуу Joe дэлгүүрээр нь үйлчлүүлсэн нэгэн бүсгүйд дурлана. Бүсгүйг өөрийн болгохын тулд тэрээр цахим хаягаар нь дамжуулан бүхий л шаардлагатай мэдээллүүдийг авч араас нь тагнадаг. Улмаар бүсгүйн эргэн тойрон дахь бүхий л хүмүүсийг ямар нэгэн аргаар замаасаа зайлуулж, ганцхан өөрөө л түүнтэй хамт байхыг хүснэ. Гэвч залуугийн энэ хүсэл нэг л мэдэхэд хэрээс хэтэрсэн байлаа. 

3857 УДАА ХЭЛЭГДСЭН ҮГ

"Netflix" кино компанийн зүгээс уг цувралын үзэгчдэд нэгэн сонирхолтой тоо баримтыг дэлгэсэн билээ. Тухайлбал цувралын хоёр бүлгийн турш "You" гэх үг нийтдээ 3'857 удаа хэлэгдсэн гэнэ. Мөн хоёрдугаар бүлгээс илүү нэгдүгээр бүлэгт энэхүү үг илүү ашиглагдсан аж. 

НОМООС СЭДЭВЛЭСЭН

Цувралыг зохиолч Caroline Kepnes-ийн “You” болон “Hidden Bodies” зэрэг ботиудаас сэдэвлэн бүтээсэн билээ. Кино урлагт "аймшгийн зохиолын хаан" нэрээр өргөмжлөгдсөн зохиолч  Stephen King уг номын талаар хэлэхдээ:

- "Үнэхээр шинэлэг зохиол. Урьд өмнө нь үүн шиг чимээгүй хэр нь аймшигтай бүтээл уншиж байсангүй" гэжээ. 

ЭХ ЗОХИОЛД ДУРДАГДААГҮЙ ДҮР

Хөрш айлын номын хорхойтон Paco хүүг санаж байна уу? Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг түүнд Joe маш их тус хүргэдэг шүү дээ. Тэгвэл түүний дүр эх зохиолд огт тусгагдаагүй байсан аж. 

Үзэгчдийн таамаглаж буйгаар кино багийнхан цувралд Paco-гийн дүрээр Joe-ийн бага ч гэсэн сайн талыг харуулах гэж зорьсон учир дүрийг нь нэмэлтээр бүтээсэн гэж үздэг байна. 

GUINEVERE BECK-ИЙН ДҮРД…

Цувралын хоёрдугаар бүлэгт Love Quinn-ий дүрээр олон олон үзэгчдийн үзэн ядалтыг төрүүлсэн жүжигчин Victoria Pedretti анх Guinevere Beck-ийн дүрийн сонгон шалгаруулалтад оролцож байжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа: 

- “Би цувралын эхний бүлгийн дүрийн сонгон шалгаруулалтад оролцсон ч тэнцээгүй. Гэхдээ тэнцээгүйдээ их баярлаж явдаг. Хэрэв тэнцсэн бол “The Haunting Of Hill House” (2018) цувралд тоглож чадахгүйн сацуу Love Quinn-ий дүрийг бүтээх боломж олдохгүй байх байсан байх" хэмээжээ.

JOE GOLDBERG-ИЙН ХАМГИЙН ТОМ ҮЗЭН ЯДАГЧ

Цувралын гол дүр Joe Goldberg-ийг хамгийн их үзэн яддаг хүн бол тухайн дүрийг бүтээсэн жүжигчин Penn Badgley өөрөө гэвэл та итгэх үү? Тэрээр анх уг дүрийг бүтээх ямар ч сонирхолгүй байгаад ч зогсохгүй Joe-ийн дүрийг үзэн яддаг байж. Гэвч кино багийнхан түүнийг уйгагүй ятгасны үр дүнд тэрээр хамгийн их үзэн яддаг дүрээ бүтээхээр болсон аж. 

“MOONEY’S” НОМЫН ДЭЛГҮҮР БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР

Joe-ийн менежерээр нь ажилладаг “Mooney’s” номын дэлгүүр бодит амьдрал дээр АНУ-ын Нью-Йорк хотод "Logos" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Цувралд уг дэлгүүрийн гадаад болон дотоод засал гээд нэрнээс нь бусад зүйлсийг тэр чигээр нь гаргасан нь онцлог юм. 

CANDACE STONE-ИЙ ЭРГЭН ИРЭЛТ

Цувралын эхний бүлгийн төгсгөлд Joe-ийн хуучин "бай" буюу Guinevera Beck-ээс өмнө үерхдэг байсан бүсгүй эргэн ирдэг. Үзэгчид түүнийг аль хэдийнэ нас барсан гэж бодож байсан бөгөөд угаасаа ч эх зохиол дээр эргэн ирж буй үйл явдал гардаггүй гэнэ. 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Цувралын хоёрдугаар бүлэг Joe хөрш айлын бүсгүйг маш жигтэйгээр ажиглаж буйгаар төгсдөг. Тиймээс үзэгчид ирэх гуравдугаар бүлэгт Joe-ийг өөр нэгэн бүсгүйн араас мөшгөх болно хэмээн таамаглаад байгаа юм. Кино багийнхны зүгээс ч ирэх бүлэгт өмнөх бүлгүүдээс илүү аймшигтай, сонирхолтой үйл явдал бүхий ангиуд багтсан хэмээсэн билээ. 

Уг бүлгийн зураг авалт ирэх арваннэгдүгээр сард эхэлж, 2021 оны сүүлээр цацагдах төлөвтэй байгаа юм. Мөн гуравдугаар бүлэг нь энэхүү цувралын сүүлийн бүлэг биш бөгөөд Joe Goldberg-ийн түүх үргэлжилсээр байх бололтой шүү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.221.45.48)