21 настай эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ

Цахилгаан шат хүлээж байсан 21 настай эмэгтэйг зодож, амь биед нь аюултайгаар дээрэмдсэн этгээдийг цагдаа нар зургаан цагийн дотор илрүүлэн, баривчилжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 утсанд өчигдөр 17.25 цагт Баянгол дүүргийн зургаадугаар хороо, Сити-18 дугаар байрны орцонд манай охин гэрлүүгээ орох гэж байгаад дээрэмдүүлсэн гэж хохирогчийн аав дуудлага өгчээ.

Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай материалжуулан, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасагтай хамтран дээрх хэргийг үйлдсэн 29 настай, эрэгтэй Б-г  илрүүлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт дайчлан баривчилсан байна. Сэжигтэн Б нь 2016 онд дээрмийн хэргээр ял, шийтгэл эдэлж байсан бөгөөд өнгөрсөн онд мөн л дээрмийн хэрэг үйлдэж, өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлагдаж байжээ.

Дээрэмчний үйлдэл орцны камерт бичигдэн үлдсэн нь өнөөдөр цахим орчинд тархаж, олныг цочроосон юм. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)