Мал төллөх үед мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байхыг даалгав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, махны хангамж, нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл сонсож, энэ сарын 18-наас ирэх сарын 15-нд нөөцийн мах худалдахыг  сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав.

Мөн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохдоо, хүсэлт гаргасан тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодод нөөцийн махны үнээр худалдах гэрээ байгуулж байхыг үүрэг болголоо.

Хонь, ямааны мах болон дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, мал төллөх үе буюу 4, 5 дугаар сард мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байх, шаардлагатай бусад арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав.

Нөөцийн мах бэлтгэх, үнэ нь ихээр савлах, хангамж тасалдахаас сэргийлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна.

Цаашид мах, гурил, үр тариа, төмс, хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Мөн хуралдаанаар валютын ханш, зээлийн хүү, шатахуун, түлшний үнийн талаар мэдээлэл сонсов.

Товч мэдээ:

-  “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эгүүлэн татахаар болов.

-  “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.  Байнгын хороод дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгоно.

-  “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дхь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Санхүүжилтийн гэрээний төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Байнгын хороод дэмжсэн тохиолдолд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгох юм.

-  “Гэмт этгээд шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Байнгын хороо дэмжвэл гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Нямдоржид олгоно. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын хоёр иргэн ял эдэлж байгаа бөгөөд БНСВУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн байхгүй. БНСВУ-д Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг байна. Монгол Улс 17 улстай гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)