Нүд, хамар, чихэнд орсон хорхой шавж, хог шороог ЯАХ ВЭ?

Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж, хөдөө амралт зугаалгаар яван, хөдөө эмээ өвөө дээрээ очин, зуны зугаатай өдрүүдийг зусланд өнгөрүүлэхээр төлөвлөж сууна уу? Зуны зугаатай, инээд хөөр бялхсан эдгээр өдрүүдэд хорхой шавж асуудал үүсгэх нь элбэг. Хөдөө явахад нүд хамар чих рүү хорхой шавж орохоос гадна мөн ээж аавынхаа хараа хяналтаас холдсон хүүхэд багачууд тоглож явахдаа нүдэндээ элдэв хог тоос шороо, химийн бодис санамсаргүйгээр оруулах тохиолдол бишгүйдээ л гардаг. Тиймээс энэ удаа нүд, хамар, чихэнд гаднын биет орсон тохиолдолд үзүүлэх анхны тусламжийг хүргэж байна.

НҮДЭНД ГАДНЫН БИЕТ ОРОХ

1.    Хог болон ямарваа нэг гаднын биет нүдэнд орвол нүдээ аниад нулимстай хамт гаргахыг оролдох

2.    Гарахгүй бол хувинтай усанд нүүрээ хийж нүдээ анивчих

3.    Нойтон самбайгаар зөөлөн арчих. Хуурай ширүүн зүйлээр арчих нь нүдийг гэмтээх аюултай.

4.    Шилний хагархай болон шовх зүйлс нүдэнд орсон үед хүчээр авах гэж оролдохгүй хөндий зүйл /нэг удаагийн цаасан аяга/ тохируулан тавьж даралт үзүүлэхгүй боох.

5.    Химийн бодис нүдэнд орсон үед угаалтуурын усанд 10-15 минут нүдээ угаагаад эмчид хандах хэрэгтэй.

АНХААР!!! Нүдэнд гадны биет орсон үед нүдээ нухвал нүдний эвэрлэг болон салст бүрхүүлийг гэмтээх, нүдний хараанд нөлөөлөх аюултай тул заавал ус болон нулимсаар гадагшлуулах хэрэгтэй.

ХАМАРТ ГАДНЫН БИЕТ ОРОХ

1.    Гаднын биет ороогүй хамрын нүхийг дарж, амыг нь жимийлгэж байгаад хүчтэй нийлгэх. Энэ үйлдлээ хэдэнтээ давтах. Бага насны хүүхдийн хувьд сальфетка зэрэг зөөлөн цаасаар гаднын биет ороогүй хамрын нүхийг оролдож найтаалгана.

2.    Гаднын биет харагдвал хуруугаар эсвэл чимхүүрээр чимхэж гаргана. Ингэхдээ гаднын биетийг уг руу нь цаашлуулахгүй байхад анхаарах хэрэгтэй.

АНХААР!!! Шууд чимхүүр болон самбай ашиглан гаргах гэж оролдох нь хамрын салст бүрхүүлийг гэмтээх гаднын биетийг уг руу нь цаашлуулах аюултай.

ЧИХЭНД ГАДНЫН БИЕТ ОРОХ

1.    Хатуу биет орсон үед юм орсон чихийг доош харуулж чихний дэлбээнээс татан сунгангаа нөгөө талын чих рүү зөөлөн цохих

2.    Хорхой орсон үед орчныг харанхуй болгож чихний дэлбээнээс татан сунгангаа гар чийдэнгээр гэрэл тусгахад гэрэл дагаад гарах үе байдаг.

3.    Ус орсон үед ус орсон чихийг доош харуулж хөл дээрээ үсрэх. Ус гарахгүй бол самбайгаар шингээж авна. Ингэхдээ хэт гүн оруулахаас болгоомжлох хэрэгтэй.

АНХААР!!! Чимхүүрээр гаргах гэж оролдох нь чихийг гэмтээх аюултай. Амархан гарахааргүй бол хүчээр гаргах гэж оролдолгүйгээр эмчид хандах хэрэгтэй.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.239.90.61)
Byambaa Nudend yum orchood gardguiee
2020-10-29 Хариулах