Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын ажилтай танилцав
БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод очсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын Төлөвлөлт, хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхим, вагон хөмрөгч цех, далайн болон төмөр зам хосолсон тээврийн систем, нүүрсний терминал зэрэгтэй танилцаж энэ сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариулав.
Энэ боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг байна. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц аж. 194 мянган га талбайг хамарсан боомт нь жилдээ 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрс боомтоор гаргах хүчин чадалтай юм байна. 2017 оны байдлаар ачаа эргэлт нь 370 сая тоннд хүрсэн бөгөөд нүүрсний 25, гангийн 41, төмрийн хүдрийн 6, контейнерын 10 усан зогсоолтой ажиллаж байна.
1991 оны “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж БНХАУ-ын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монгол Улсад ашиглуулахаар тохиролцсоны үндсэнд дээрх боомтыг Монгол Улс ашиглах боломжтой болсон байна.
Замын-Үүд-Эрээн боомтоос Цаофэйдянь боомт хүртэл төмөр замаар шууд холбогдсон бөгөөд ингэхдээ БНХАУ-ын хамгийн их түгжрэлтэй, өндөр зардалтай төмөр замын бүс болох Бээжин хотоор дайрахгүй, хойгуур нь тойрч гардаг давуу талтай юм байна. 2014 оноос Монголын далайн захиргаа Цаофэйдянь боомт болон орон нутгийн захиргаатай боомт ашиглах, ачаа тээвэр зохион байгуулах талаар хэлэлцэж ирсэн бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард Цаофэйдянь боомтоос Улаанбаатар руу анхны чингэлгийн галт тэрэг явсан байна. Мөн Цаофэйдянь боомтын Логистикийн паркийн удирдах хорооноос жилд 10 сая тонн Монголын нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэхийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байдаг.
-Та Цаофэйдянь боомтыг манай улсын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах чухал боомт гэж харж байна уу?
-Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт байсан. Бид ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ “Восточный” боомтын ажатай танилцаж байсан. Мөн ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа эргэлтэд 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт үзүүлсэн зэрэг үйл явдал болж өнгөрсөн. Харин шинэчлэл, бүтээн байгуулалт өрнөсөн Цаофэйдянь гэх энэ боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарсан. Энэ төмөр замаар дамжиж Цаофэйдянь боомтод хүрнэ гэж ойлгох уу?
-2010 онд УИХ-ын гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Харамсалтай нь, дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид энэ ажлыг явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаж тавдугаар сарын 1-нээс энэ төмөр замын ажлыг эхлүүлэх, бусад зах зээлд нүүрсээ гаргах боллоо.
-Туршилтын тээвэрхэзээ эхлэх вэ?
-Энэ зун туршилтын тээвэр хийх байх.
Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга энэ удаад дахин яригдаж байна?
-Бүс нутгийн хөгжилд бид оролцоотой байх ёстой. Тэр дундаа эрчим хүчээ экспортлох сонирхолтой байгаа. Энэ саналыг дэмжээрэй гэсэн санаагаа албан ёсны хэлэлцээ болон бусад хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн.
-БНХАУ-ын талтай тарифын хөнгөлөлтийн асуудал ярьсан уу?
-Тарифын хөнгөлөлтийг 2014 оноос ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөн ярьж байгаа. БНХАУ-ын тал энэ асуудлыг анхааралдаа авлаа гэж мэдэгдсэн.