“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгох зарлиг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, өнөөдөр хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын эхэнд 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийг уншиж сонордуулав.
Монгол Улсын 2019 оны төсөвт хүүхэд хамгаалалд 8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасныг Ерөнхийлөгч уулзалтын эхэнд онцлов. Үүний хүчинд гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхэд эрсдэх, бэртэж гэмтэх нь эрс буурах ёстой. Өнгөрсөн жилийнх шиг хүүхэд хамгааллын мөнгөөр ширээ сандал, тавилга худалдаж аваад, үйл ажиллагааны зардал болгоод дуусаж болохгүйг анхаарах ёстой. Цаашдаа хүүхэд хамгаалахтай холбоотой улсын төсөвт тусгасан зардлыг жил бүр нэмэхэд сайд нар онцгой анхаарах хэрэгтэй" хэмээв.
Мөн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгаалахад зарцуулах 8 тэрбум төгрөгийг хэрхэн хуваарилсныг холбогдох албаныхнаас тодрууллаа.
Аймаг, сум, дүүргүүдэд 4 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд хүүхдийн тооноос хамаарч 47.5-120 сая төгрөг ногдож байгааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хэллээ. Тэрбээр, "Нийслэл 2.6 тэрбум төгрөг зарцуулна. ХНХЯ-ны төсөвд 1 тэрбум, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2.6 тэрбум төгрөг төсөвлөсөн" гэлээ.
Мөн үеэр ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, "ЦЕГ сургалт, хүмүүжлийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн орчинд хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид 2017 онд сургуулийн орчимд 400 орчим өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулсан. Энэ жил дахин 200 өсвөрийн сэргийлэгч бэлтгэсэн. Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудыг сурагчдын сургууль-гэр-сургууль гэсэн маршрутаар зорчих замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулахаар судалж байна. Энэ төслийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.
БСШУСЯ-наас Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу ЕБС, дотуур байруудад хийж Стандартчилал, хэмжил зүйн газарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүлээлгэж өгчээ. Одоо тус байгууллагаас стандарт боловсруулан батлахыг хүлээж байгааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан дурдав. Тэрбээр, "Эрсдлийн үнэлгээгээр улсын хэмжээнд их эрсдэлтэй 13 хувь, дунд эрсдэлтэй 74 хувь байна гэсэн үр дүн гарсан" гэлээ.
Уулзалтын төгсгөлд, Монгол Улсад Ерөнхийлөгчид 13 мянга гаруй хүүхдээс ирүүлсэн захидал, гар зургийг эмхтгэл болгосноо уулзалтад оролцсон төрийн байгууллагын удирдлагуудад тарааж, хүүхдүүдийн зургаас ирээдүйдээ хэрхэн санаа зовж буйг олж харах, ширээний номоо болгохыг захив.
Ингээд 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах Ерөнхийлөгчийн зарлигийг БСШУС-ын Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт гардууллаа.
Зарлигт, "Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай:
2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах;
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, харилцан уялдаатай хэрэгжүүлэх;
Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах;
Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх;
Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг дэмжих;
Хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн болон бусад шаардлагатай зөвлөгөө, туслалцааг үзүүлж хэвших;
Хүүхдийг цахим орчны халдлагаас хамгаалах тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлж, хэрэгжилтийг сайжруулах, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
Хар тамхи, мансууруулах бодисоор өсвөр, залуу үеийг хордуулж байгаа нөхцөл байдлыг судлан, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
Хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах, үндэсний хэмжээнд гарч байгаа хүүхдийн хөгжил, хамгааллын бүх төрлийн хөтөлбөр /контент/-ийн агуулга, чанарыг сайжруулах;
Нийгмийн ажилтны (гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага зэрэг бүх салбарт ажиллаж байгаа) албан тушаалын тодорхойлолтыг хүүхэд хамгааллын чиглэлээр хүлээх үүрэгтэй нь уялдуулан шинэчилж, нэгдсэн арга зүй, хариуцлагын зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг дэмжих, импортын хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах.
Зарлигийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүрэг, тухайн жилийн төсвийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтийн талаар дараа жилийн II улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлж байхыг Засгийн газар (У.Хүрэлсүх)-т даалгасугай.
“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэддээ уриалсугай" гэжээ.