Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дөрвөн гол асуудалд чиглэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, БСШУС-ын салбарын хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар хэлэлцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “УИХ-ын даргын 2016 оны 12 дугаар сард ажлын баг байгуулж, хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт дөрвөн гол асуудалд чиглэж байгаа. Тодруулбал, УИХ-ын хариуцлагыг дээшлүүлж, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, Засгийн газрын эрх мэдлийг нэмж, тогтвортой, хариуцлагатай болгох, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг сайжруулах, орон нутгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байна. Уг асуудлыг бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, эцэслэсний дараа УИХ-д өргөн барих нь зөв хэмээн үзэж байгаа. БСШУС-ын салбарт 2018 онд хэрэгжүүлэх байсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байсан юм. Ялангуяа нийслэлд газар чөлөөлөлт болон худалдан авах ажиллагаатай холбоотойгоор төсөл, хөтөлбөр удаашралтай байгаа юм. Тиймээс Засгийн газарт БСШУС-ын салбарын хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах чиглэл өгөхөөр тогтсон” гэлээ.

Мөн Д.Лүндээжанцан гишүүн, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 360 мянган иргэнээс ирүүлсэн саналаас 70 болон түүнээс дээш хувиар дэмжигдсэн заалтуудыг тусгасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлах хүртэл иргэдийн саналыг авсаар байх болно. Нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Үндсэн хуулийн 27 хувь буюу 19 зүйлд өөрчлөлт орох юм” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.134.12)