О.Орхон: Хүчээр баривчилсан нь хүний эрх болон хуулийг ноцтой зөрчсөн

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй удирдлагууд  мэдээлэл хийлээ.

Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирал О.Орхон “Мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулалттай явагдаж байна.  “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор өнгөрсөн жил нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан. Сая бол гэнэтийн хууль бус баривчилгаа хийсэн. Хуулийн дагуу мэдүүлэг өгч мөрдөн байцаалтад дуудаагүй. Баривчлах шалтгааныхаа тухай ямар нэгэн тайлбар өгөөгүй хүчээр баривчлан явсан. Хувь хүний эрх болон хуулийг ноцтой зөрчсөн.

Улс төрийн золиос болж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэсэг бүлгийнхэн зохион байгуулалттайгаар хууль бус аргаар авсан гэсэн мэдээлэл цацаж байна. Гэтэл шүүх намайг хууль бус зүйл хийгээгүй гэж үзээд сулласан.

Л.Оюун-Эрдэнэ сайдын ярьсан санхүүгийн схемийн протокол 2016 онд улсын нууцаас гарсан. Энэ бол хуулийн дагуу нотлогдсон бодит зүйл биш. Маш олон тодорхой бус зүйл байгаа. Энэ хэрэг шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Дараа долоо хоногт олон нийтэд зарлана. Л.Оюун-Эрдэнэ сайдын зүгээс зөвхөн нэг талыг барьсан зүйл их ярьж байна. Тухайлбал, миний дэлгэж байгаа материал л үнэн, бусад нь бол худал гэх мэт зүйл ярьсан. Энэ дээр алдаатай зүйл их бий.

Худалдаа хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа олон аж ахуй нэгж, иргэд, төрийн айгууллагуудыг санхүүжүүлж ирсэн. Энэ бол манай гол бизнес. Бид Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол Улсын ямар нэг хууль тогтоомжийг зөрчөөгүй. “Эрдэнэт”-ийн асуудал дээр  төрөөс “Монголын зэс” корпорацид давуу байдал олгосон зүйл байхгүй. Харин хувийн банк өөрийн дүрэм журмын дагуу хөрөнгө оруулалт хийсэн. Хууль бус зүйл болоогүй.

Харилцагчиддаа хандаж хэлэхэд, биднийг дэмжиж байгаад талархал илэрхийлж байна. Банкны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байна. Цаашид ч хэвийн явах болно. Би өнөөдрөөс ажилдаа орж тайлан баланстай танилцаад явж байна. Маш сайн үр дүнтэй явж байгаа. Хууль бус үйл ажиллагаа явуулж намайг баривчилсан асуудалд гүнээ харамсаж байна” гэв.

Б.Мэдрээ: Манай банкны удирдлагуудыг хууль бусаар баривчилсан нь шударга өрсөлдөөнийг зөрчиж байна

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ хэлэхдээ “Болж өнгөрсөн баривчилгаа бол шударга өрсөлдөөнийг зөрчиж байна. Голомт банкны захирал хөшигний ардаас битгий ингэж муухай тогло л доо. Шударга өрсөлд. Тус банк ноцтой хэрэгт холбогдоод, захирал  нь АТГ-т баривчлагдах үед Худалдаа хөгжлийн банк жудагтай, шударга байсан. Хөшигний цаана жудаггүй тоглолт хийсэн хүний нэг нь Голомтын захирал шүү. Тоглоом тоотой нь дээр. Манай банк анх 1990 онд байгуулагдсан цагаасаа эхлэн хуулийн дагуу шударга өрсөлдөж  ирсэн. Бизнест хүнийг хуурч болохгүй. Тэгсэн нь л амжилттай явдаг юм” гэв.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)