АНУ-ын (HHS) болон (USDA) хамтран 2025–2030 оны Хоол тэжээлийн албан ёсны зөвлөмжийг танилцууллаа

АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам (HHS) болон Хөдөө аж ахуйн яам (USDA) хамтран гаргасан “Америкчуудын хоол тэжээлийн зөвлөмжийн шинжлэх ухааны үндэс 2025–2030” тайланд орчин үеийн хооллолтын хэв маяг архаг өвчний тархалтыг эрс нэмэгдүүлж байгааг анхааруулжээ.

Тайланд дурдсанаар АНУ-д насанд хүрэгчдийн 72 хувь нь илүүдэл жинтэй, үүнээс 41 хувь нь таргалалтын ангилалд багтаж байна. Мөн нийт хүн амын 14 хувь нь чихрийн шижинтэй, 43 хувь нь урьдчилсан шатанд байгаа нь ноцтой эрсдэл дагуулж байгааг судлаачид онцолсон байна. 

Судлаачдын үзэж байгаагаар орчин үеийн америкчуудын хооллолтод хэт боловсруулсан хүнс давамгайлж байгаа нь энэ нөхцөл байдлын гол шалтгаан болжээ. Өнөөдөр АНУ-д хэрэглэж буй нийт илчлэгийн 60–66 хувь нь өндөр боловсруулалттай бүтээгдэхүүнээс бүрддэг байна. 

Ийм төрлийн хүнсэнд ихэвчлэн нэмэлт сахар, боловсруулсан тос, давс, химийн нэмэлт бодис их хэмжээгээр агуулагддаг бөгөөд эдгээр нь зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчнийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж тайланд дурджээ.

Шинэ зөвлөмжид эрдэмтэд хүнсний сонголтоо өөрчилж, байгалийн гаралтай, бага боловсруулсан хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатайг онцолжээ. Үүнд жимс, ногоо, бүхэл үр, самар, үр, мах, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг ордог байна. 

Мөн хоол тэжээлийн бодлогыг боловсруулахдаа илүү хатуу шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлах шаардлагатай гэж тайланд тэмдэглэжээ. Ялангуяа хоол хүнс ба өвчний хоорондын шалтгаан-үр дагаврын холбоог тогтоохын тулд санамсаргүй хяналттай туршилтын судалгааг түлхүү ашиглах ёстойг онцолсон байна. 

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хооллолтын хэв маягийг өөрчилж, байгалийн гаралтай шим тэжээл ихтэй хүнсийг түлхүү хэрэглэх нь бодисын солилцооны өвчний тархалтыг бууруулах, улмаар хүн амын эрүүл амьдралын хугацааг уртасгахад чухал нөлөө үзүүлэх боломжтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.37)