Норвегчууд “МанСити”-г хожсоноор шуугиан тарив

Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатны долоо дахь тойргийн тоглолтод Норвегийн "Будё-Глимт" баг Английн “Манчестер Сити”-г хожсоноор шуугиан тарилаа.
Будё хотын “Аспмюра” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод норвегчууд 3:1 харьцаагаар илүүрхсэн байна. Хожсон багт тоглож буй Данийн хөлбөмбөгчин Каспер Хёг (22 ба 24 дэх минут), Норвегийн довтлогч Енс Хауге (58) нар гоол оруулсан бол хариу гоолыг “МанСити”-д тоглодог Францын хажуугийн хагас хамгаалагч Райан Шерки 60 дахь минутанд хийлээ. Английн багийн ахлагч Родри хоёр удаа шар хуудас авснаар 62 дахь минутанд талбайг орхихоос аргагүйд хүрэв. Норвегийн багийн орос хаалгач Никита Хайкин гарааны бүрэлдэхүүнд багтан тоглохдоо дөрвөн удаа бөмбөгийг хаасан байна.
Ингэснээр "Будё-Глимт" баг Аваргуудын лигийн тэмцээний үндсэн үе шатанд анхны хожлоо авч, 6 оноотой болсноор тэмцээний хүснэгтийн 26 дугаарт бичигдлээ. Харин хоёр удаа хожигдож, 13 оноотой байгаа “МанСити” дөрөвдүгээрт жагсаж байна.
Ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 28-нд болох тус тэмцээний сүүлчийн тойргийн тоглолтод "Манчестер Сити" талбайдаа Туркийн "Галатасарай" багийг хүлээн авах бол Норвегийн баг мөн өдөр Испанийн “Атлетико” багтай талбайд нь тоглоно.
Эх сурвалж: МОСКВА /РИА Новости/.








