УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол улсын иргэн хаана ч очсон эрх нь зөрчигддөггүй байх ёстой

Монгол улсын иргэд визээ аваад БНСУ-д очсон ч хил дээрээс буцаагдаж буй асуудлаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл УИХ-ын ээлжит чуулганаар өчигдөр  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудлыг хөндөж "Өөрийн цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулж визээ авчхаад хил дээрээс буцаагдаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудал дээр ГХЯ хэрхэн ажиллаж байна вэ?" гэхэд;

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
БНСУ-ын талтай байнга харилцаж байна. Зорчих хөдөлгөөн маш их нэмэгдсэн ба сүүлийн үед зөрчил гаргах тоо нь маш их нэмэгдсэн. БНСУ-д хууль бусаар ажиллаж байгаа иргэдийн буцаах кампанит ажлыг байнга хийж буй. Зорилгоо тодорхойлж чадахгүй, өмнө нь визэнд мэдүүлсэн зүйлээсээ өөр зүйл ярих гэх мэт тухайн улсын хууль дүрэмд нийцэхгүй, шаардлагыг нь хангахгүй байгаа учраас хил дээрээс зарим иргэнийг буцаасан асуудал гарч байна. Иргэдийг мэдээллээр хангаж,  материал бүрдүүлж өгч байгаа 14 компани бий. Визний мэдүүлгийг өмнөөс нь бөглөж үйлчилгээ үзүүлдэг компаниудтай бид ярилцаж, БНСУ-ын яаманд удаа дараа хүсэлт тавьсан. Манайд урилгаар ирсэн их хурлынх нь даргын айлчлалын үеэр ч бид энэ талаар уламжилсан.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Монгол улсын ямар ч иргэн хаана ч очсон эрх нь зөрчигддөггүй байх ёстой. Бид бусад улсын жуулчид, зочдод бүх түвшинд хүндэтгэлтэй хандаж, улс хоорондын аливаа асуудал үүсгэхгүй, үл ойлголцох бий болгохгүй үндсэн бодлогыг Монголын төр барьж ажилладаг.  Монгол Улстай дипломат харилцаатай улс орнууд ч гэсэн монголчуудад яг л тэр зарчмаар,  адил түвшинд хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Уг асуудлыг салбар дунд хаяж орхиж болохгүй. Яамд бие бие рүүгээ түлхдэг байдал байж болохгүй гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.248.40)