Монгол-Орос хоёр улсын найрамдалт харилцааг дэлхийн дуурын од Василий Гереллог дуу хуураар холбов

ОХУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд хоёр улсын хооронд олон чухал хурал уулзалтууд, бүтээлч ажлуудыг өрнүүлж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт Монгол-Орос хоёр улсын найрамдалт харилцааны 64 дэх өдрийн хаалтын арга хэмжээг Улаанбаатар хот дахь Оросын соёл шинжлэх ухааны төв буюу РЦНК-д “Зүрх сэтгэлийг холбосон аялгуу” дуун цэнгүүнийг дэлхийн дуурийн од Василий Гереллогийн хамт зохион байгуулан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлээ.

Уг тоглолтод Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим оролцож, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Б.Дэлгэрбаярын уран бүтээлийн тоглолт багтаж, хоёр үндэстний соёлын нэгдлийг онцолсон “Амьдрал чамдаа хайртай”, “Агшин мөч” зэрэг алдартай дуунуудыг  эгшиглүүллээ.

Энэхүү арга хэмжээг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо", "Орос, Зөвлөлтийн их, дээд сургуульд төгсөгчдийн монголд төгсөгчдийн холбоо"-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа соёл, хүмүүнлэгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг юм.

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх-элч төлөөлөгч Андрей Ивахин нээж хэлсэн үгэндээ хоёр орныг холбосон түүхэн чухал үйл явдлуудыг онцлон тэмдэглээд "Энэ жил Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон тэмдэглэлт ойнууд бас тохиож байгааг чухалчлан дурьдлаа. Тухайлбал, 75 жилийн тэртээ Зөвлөлт-Монголын “Улаанбаатарын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсгэн байгуулагдаж, өнөө хүртэл тус улсын тээврийн гол судас хэвээр байсаар байна.

Энэ жил бид Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Монгол Улсад атар газар эзэмшиж эхэлсний 65 жилийн ой, Зөвлөлт-Монголын найрамдлын бэлэг тэмдгүүдийн нэг болсон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.  Мөн Орос улс Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудад ажиллах боловсон хүчнийг их, дээд сургуулиуддаа бэлтгэх боловсрол соёлын салбарын үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Энэ ажлын хүрээнд ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монголд 620 оюутны төсвийн тэтгэлэг олгож байна. Түүнчлэн ОХУ-ын боловсрол шинжлэх ухааны байгууллагуудаас Монгол Улсын ирээдүйн эзэд, оюутан залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн төлөө хот хөдөөд, 21 аймаг, нийслэлд “Орос хэлний сургалтын танхим”-ыг нээн ажиллуулсаар байна” гэв.

Мөн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Э.Максим найрамдлын өдрүүдийн ач холбогдлыг тэмдэглээд "Бид Монгол Улсын таван бүс нутагт очиж, залуучуудад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү Найрамдлын 64 дэх өдрийн ёслолын хаалтын тоглолтыг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй оролцсон байгууллага хамт олон мөн энэ үдэш хүрэлцэн ирсэн Монгол, Орос хоёр улсын салбар салбарын эрхэм хүндтэй төлөөлөгчид та бүхэндээ баярлалаа” хэмээн уламжиллаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)