Зураг дүрслэл нь давтагдашгүй хүрлийн үеийн буган хөшөө

Завхан аймгийн Шилүүстэй сумын төвөөс зүүн хойд зүгт 60 орчим км яваад  Дааган дэл уулын ар биед хүрэл зэвсгийн үеийн оюуны соёлын гайхамшигт дурсгал болох буган хөшөө бий.

Хоёр эгнээ нийт найман буган хөшөө байх бөгөөд судлаачид “Дааган дэл уулын буган хөшөө” гэж тэмдэглэжээ. Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана.
Найман хөшөөний хоёр нь газарт унаж гүнзгий шигдэн өвс хагаар хучигдсан байдаг. Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нэлээд сайн, зураг дүрслэлүүд нь тод харагддаг. Дааган дэл уулын эдгээр буган хөшөөнүүдийн зураг дүрслэл нь өөр хоорондоо давтагдадгүйгээрээ онцлогтой. Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдаг. Хөшөөнүүдийн баруун эгнээний хамгийн хойд талаас эхлэн дугаарлаж дүрсэлбэл,  

Нэгдүгээр Буган хөшөө нь: 

Ягаавтар боржин чулуугаар сайтар зассан, өндөр 2.05 м, өргөн 0.4 м, зузаан 15 см. Хөшөөний гадарга нэлээд элэгдэлд орсон тул түүнд дүрслэгдсэн зүйлс дөнгөж үзэгдэх төдий болж бүдгэрчээ. Гэхдээ бугыг сонгодог аргаар зурсан нь илт ажиглагдана. 

Хоёрдугаар Буган хөшөө нь: 

Бусад хөшөөнүүдээс баруун хойшоо 9 метрийн зайд оршино. Хөшөөний өндөр 2.2 м, өргөн 0.38 м, зузаан 0.23 метр. Ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Нүүрэн тал нь баруун тийш хандсан. Хөшөө нь дээд, доод талдаа бүслүүртэй, дээд талын бүслүүрийг хоёр зэрэгцээ шугамаар тэгш өнцөгт хонхорхой гаргаж доод талын бүслүүрийг харьцангуй өргөн хос шугамаар дүрслэн түүний хооронд гурван эгнээ жижиг зууван дүрсүүдийг цохижээ.

Дээд доод хоёр бүслүүрийн хоорондох зайд бугын дүрсүүдийг сонгодог аргаар урлажээ. Буган хөшөөний урд, нарийн талд доод бүслүүрийн доор хутга, нум сум, эсрэг талд нь бүслүүрийн дээр таван өнцөг бүхий бамбай, бүслүүрийн доор морины зургийг сийлжээ. Буган хөшөөний зүүн талын дээд хэсэгт 5.8 см голч бүхий хоёр дугуй дүрс, бүслүүрийн доор чинжаал хутга, мөн дээрхийн адил морины дүрс цохижээ. Мөн баруун талын дээд хэсэгт бугын дүрс гаргажээ. 

Гуравдугаар Буган хөшөө нь: 

Нэлээд эрт унасан бололтой харагддаг. Хөшөөг ягаавтар өнгийн боржин чулуугаар гадаргыг нь сайтар засаж хийсэн боловч хожим үлэмж элэгдэж эмтэрчээ. Хөшөөний өндөр 2.8 м, өргөн 0.37 м, зузаан 0.29 метр. Хоёрдугаар буган хөшөөтэй адил хос бүслүүртэй бөгөөд дээд талын бүслүүр нь хоорондоо зууван хэрчимтэй хоёр шугам, доод талын бүслүүр хоёр эгнээ жижиг дугуй үүдтэй зэрэгцээ ховил бүхий шугамтай аж. 

Хөшөөний урд нарийн тал дахь доод бүслүүрт чинжаал хутга, эсрэг талд нь бүслүүрийн дээр таван өнцөгт бүхий бамбай, баруун талын дээд хэсэгт дугуй дүрс, түүний дээр зөрсөн сүх дүрсэлсэн байна. 

Дөрөвдүгээр Буган хөшөө нь: 

Мөн ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Өндөр 1.67 м, өргөн 0.36 м, зузаан 0.17 метр. Хөшөөний урд нарийн талд хадуур хэлбэрийн зүйл, эсрэг талд нь таван өнцөг бүхий бамбай, зүүн талын дунд хэсэгт дугуй хэлбэрийн хонхорхой дүрслэн гаргажээ. Хөшөөний баруун талын зураг харьцангуй сайн мэдэгдэх агаад түүний дээд хэсэгт 10 см голчтой тойрог, доор нь нарийн ховилтой, дээд бүслүүр, дунд хэсэгт нь хоёр морины дүрстэй. Эдгээрийн доор өнцгөн зураас бүхий доод бүслүүр байна. Бүслүүрийн доор хутга, билүү бололтой хоёр зүйл дүрсэлжээ. 

Тавдугаар Буган хөшөө нь: 

Хөшөөнүүдийн баруун эгнээний хамгийн сүүлийн хөшөөний өндөр 1.84 м, өргөн 0.4 м, зузаан 0.2 метр. Мөн л ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөөний дээрх зураг муу хадгалагдаж үлдсэн, Доод бүслүүр нь хоорондоо хоёр эгнээ нэг цэг бүхий зэрэгцээ шугамтай, түүний дотор хутга, билүү хэлбэрийн хоёр дүрс, эсрэг талд нь таван өнцөгт бүхий бамбай, зүүн талд нь бүслүүрийн доор сэтэрхий бариултай хутга дүрсэлжээ. 

Зургаадугаар Буган хөшөө нь: 

Хөшөөнүүдийн хоёр дахь эгнээний хамгийн хойд талын эл буган хөшөөг 2.5 м өндөр, 0.39 м өргөн, 0.16 м зузаан ягаавтар боржин чулуугаар үйлджээ. Хөшөө нь хоёр бүслүүртэй бөгөөд доод бүслүүр нь дундаа гурван эгнээ цэг бүхий хоёр зэрэгцээ шугам, өмнө талын доод бүслүүрийн дээр таван өнцөгт бамбай, зүүн талын дээд хэсэгт 14 см голчтой тойрог дүрсэлжээ. Доод хэсэгт сонгодог дүрсэлбэр бүхий сонгодог дүрслэл бүхий бугын дүрстэй ижил нэгэн зүйлийг дүрсэлсэн байв. Хөшөөний баруун талын дээд хэсэгт 15 см голчтой тойрог, бүслүүрийн доор бугын дүрс байна. 

Долоодугаар Буган хөшөө нь: 

Хөшөөг 2.8 м өндөр, 0.4 м өргөн, 0.33 м зузаантай ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөө нь хоёр бүслүүрээр хуваагдах бөгөөд дээд талын бүслүүр нь хоорондоо нарийн ховил бүхий шугамаар холбогдсон дугуй нүд бүхий эгнээ аж. Доод талын бүслүүрийг 9 см өргөнтэй, дундуураа дөрвөн эгнээ цэгүүдтэй хоёр зэрэгцээ шугамаар дүрсэлжээ. Бүслүүрүүдийн дунд хэсэгт бугын дүрсийг сонгодог маягаар дүрсэлсэн. Нүүрэн тал буюу нарийн хэсгийн бүслүүрийн доор хадуур хэлбэрийн зүүлт, хутга зэрэг дүрслэгдсэн. Нүүрэн талын эсрэг талд таван өнцөгт бүхий бамбайг, хөшөөний зүүн талын дээд хэсэгт 15 см голчтой тойрог, доод бүслүүрт нь хутга, билүү зүүлттэй байгаа мэтээр дүрслэгджээ. Энэ талын доод бүслүүрийн дээр таван өнцөгт бамбай, хоёр дахь удаагаа дүрсэлжээ. Хөшөөний баруун талын дээд хэсэгт 16.5 см голчтой тойрог, доод бүслүүрт байлдааны сүх дүрсэлсэн байна.  

Наймдугаар Буган хөшөө нь:

Хөшөөг 2.75 м өндөр, 0.4 м өргөн, 0.33 м зузаантай ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлдсэн. Хөшөөний зураг нь бусад хөшөөний зургуудаас арай өөр онцлогтой. Хөшөөн дээр ямар нэгэн амьтны зураг байхгүй бөгөөд дээд бүслүүр зөвхөн өнцөгт хос ховилоос бүрдэнэ. Уг бүслүүрт цагариг сэнжтэй хутга зүүсэн мэт. Эсрэг талд нь ямар нэгэн зураг дүрс байхгүй. Хөшөөний зүүн талын гол хавьд 22см голчтой тойрог, түүний доор таван өнцөгт торлосон дүрстэй бамбай дүрсэлжээ. Бүслүүрийн доод хэсэгт билүү, 60см урттай чинжаал хутга, хөшөөний баруун талд бүслүүрийн доор сүх мэтийг дүрсэлжээ.

Дааган дэл уулаас 5км зайд буюу Отгон сум орох замд мөн бүлэг, 8 буган хөшөө бий. Эдгээр буган хөшөөнүүд хэмжээгээрээ том биш, өндөр нь нэг метр орчим бөгөөд ягаавтар өнгийн боржин чулуугаар үйлджээ. Буган хөшөөний зургуудыг хөнгөн зураасаар гаргасан учир муу харагдах боловч үндсэндээ бугын зураг үзэгддэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)