Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө

Германы хөл бөмбөгийн “Байер” баг өөрийн талбайд Италийн “Рома”-тай тоглож тэнцсэнээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Европын лигийн тэмцээний финалд шалгарлаа.

Леверкузен хотноо өчигдөр болсон тоглолт 2:2 харьцаагаар өндөрлөсөн байна. Зочин багийн хөлбөмбөгчдөөс Леандор Паредес 43 ба 66 дахь минутанд торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Улмаар 82 дахь минутанд Жанлука Манчини өөрийн хаалганд авто гоол оруулсан бол нэмэлт цагт “Байер”-ын Йосип Станишич /90+7/ гоолдсоноор тоглолт тэнцээгээр дууслаа.  

Ингэснээр “Байер” баг 49 тоглолтыг ялагдалгүйгээр дуусгасан нь Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ байгуулагдсан цагаас хойших дээд амжилт юм. Өмнө нь Лиссабоны “Бенфика” баг 1963-1965 оны хугацаанд 48 тоглолт дараалан ялагдаагүй гэсэн амжилтыг үзүүлж байв.

“Рома”, “Байер” багуудын эхний тоглолт Ром хотноо болж, зочин багийнхан 2:0 харьцаагаар хожжээ. Одоо Хаби Алонсогийн дасгалжуулсан леверкузенчүүд энэ сарын 22-ны өдөр Дублин хотноо болох финалын тоглолтод Италийн “Аталанта” багтай Европын лигийн цомын төлөө өрсөлдөнө.

Өчигдөр "Аталанта"-чууд өөрийн талбайд болсон хагас шигшээгийн хариу тоглолтод Францын “Марсель” багийг 3:0 харьцаагаар хожсоноор финалд шалгарсан юм.

“Байер” баг 2001/2002 оны улирлаас хойш анх удаагаа Европын цомын тэмцээний финалд шалгарч байна. Тус баг 1987/1988 оны улиралд УЕФА-гийн цомыг хүртэж байв.

Эх сурвалж: МОСКВА /РИА Новости/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)