Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулав

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Экперт хоспиталити” ХХК хамтран зочлох үйлчилгээний сургалтыг энэ сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.

БНСУ-ын Сэжун их сургуулийн Профессор Кю Сун Кан, И Ми Ён нар удирдан явуулсан сургалтад зочлох үйлчилгээний салбарын 25 байгууллагын 140 гаруй удирдах болон үйлчилгээний ажилтан хамрагдав. Сургалтыг зохион байгуулснаар аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн, мэргэшсэн ажилтан, албан хаагчдын тоог нэмэх ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр сургалт зохион байгуулагчдын төлөөллийг хүлээн авч уулзахдаа, “Зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтэй”-гээ илэрхийлэхэд, Сэжун их сургуулийн багш, профессор И Ми Ён, “Салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулахад хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Тус сургалт нь Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Go Mongolia” уриан дор зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилготой юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)