Рафах руу довтолбол Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэв

Газын зурвасын өмнөд хэсэгт орших дүрвэгсэд олноороо орогнож буй Рафах хот руу Израилын арми томоохон дайралт хийвэл АНУ зэвсэг нийлүүлэхээ зогсооно гэж Ерөнхийлөгч Жо Байден Израилд анх удаа анхаарууллаа.

Ж.Байден лхагва гарагт CNN телевизэд ярилцлага өгөхдөө, хэрэв израилчууд Рафах руу довтолбол би Израилд зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ тодорхой хэлсэн хэмээн ярьжээ. Түүний хэлсэн үг нь АНУ ба түүний Ойрх Дорнод дахь хамгийн гол холбоотон улсын хооронд зөрчилдөөн даамжирч буйг харуулснаас гадна Рафах руу хийх Израилын довтолгоог таслан зогсоохын тулд хийсэн хамгийн хүчтэй мэдэгдэл болж байна.

Израилын арми ХАМАС бүлэглэлийг устгах зорилгоор Газын зурваст долоон сарын турш довтлохдоо Америкийн зэвсгийг энгийн иргэдийг хөнөөхөд  ашигласан гэдгийг Ж.Байден хүлээн зөвшөөрчээ. Израилын цэргийн ажиллагааны улмаас 34 789 палестин амиа алдсаны ихэнх нь энгийн иргэд байсан гэж Газын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.

Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын өндөр албан тушаалтны мэдээлснээр, Рафахт ашиглаж болзошгүй зэвсгийн нийлүүлэлтийг Вашингтон сайтар нягталж үзсэний дүнд 2000 фунтын 1800 ширхэг тэсрэх бөмбөг, 500 фунтын 1700 ширхэг тэсрэх бөмбөг нийлүүлэхийг түр зогсоожээ.

НҮБ-д суугаа Израилын Байнгын төлөөлөгч Гилад Эрдан энэ долоо хоногийн эхээр мэдэгдэхдээ, Израилд зэвсэг нийлүүлэхээ зогсоох шийдвэрт “ихээхэн урам хугарсан” хэдий ч нийлүүлэлтээ зогсооно гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Энэ долоо хоногт Израилын арми нэг сая гаруй палестин хүн орогнож буй Рафах руу дайрсан боловч “хүн ам төвлөрсөн хэсэг” цохилтод өртөөгүй тул өргөн цар хүрээтэй түрэмгийлэл гэж үзэхгүй байгаагаа Ж.Байден хэлсэн байна.

ХАМАС бүлэглэлийнхэн 10 дугаар сарын 7-нд Израил руу гэнэтийн дайралт хийсний дараа Израилын тал цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. ХАМАС-ын дайралтын улмаас 1200 орчим хүн амиа алдаж, 250 орчим хүн барьцаалагдсанаас 133 нь Газад олзлогдсон хэвээр байгаа гэж Израилын тал мэдээлсэн байна.

АНУ бол Израилын хувьд хамгийн том зэвсэг нийлүүлэгч бөгөөд 10 дугаар сарын 7-ны ХАМАС-ын халдлагын дараа нийлүүлэлтээ эрчимжүүлжээ.

Эх сурвалж: ВАШИНГТОН /Reuters/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)