БНХАУ-д үерийн улмаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

БНХАУ-д үерийн улмаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

Хятадын өмнөд хэсэгт орсон аадар бороо, үерийн улмаас 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, гамшигт өртсөн бүс нутагт  дахин аадар бороо орохоор байгааг анхааруулсаар байна. Сүүлийн өдрүүдэд Гуандун мужид аадар бороо орж, гол мөрөн үерлэж 100 жилд нэг удаа тохиолддог үйл явдал болоод байгаа юм.

Бэй голын дагуу оршдог Чингюань хотоос 45 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай албан ёсны хэвлэлүүд мэдээлжээ. Төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд бороо орж эхэлснээс хойш Гуандун даяар 110 мянга оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн улмаас дөрвөн хүн амиа алдсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Гуандун хотын төв хэсэгт орших Фошан хотод усан онгоц гүүр мөргөсөний улмаас дөрвөн хүн сураггүй алга болсон тухай Синьхуа агентлаг мөн мэдээлжээ. Хөлөг онгоц живэхээс өмнө долоон хүнийг аварсан байна. Хүний ялгаруулж буй хүлэмжийн хийнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамжийг улам бүр ойртуулж, хүчтэй болгож байна. Хятад улс дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч юм. Хятадын үндэсний радиогийн мэдээлснээр, 1954 оноос хойш Гуандун мужид ийм хүчтэй үер болж байгаагүй аж.

- Урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай -

Гуандун бол 127 сая хүн амтай Хятадын үйлдвэрлэлийн гол төв юм.

Мягмар гарагт Шэньжэнь хотын эрх баригчид "Урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч, үерт автдаг нам дор газар гэх мэт аюултай бүсээс хол байгаарай" гэж мэдэгджээ. Шэньжэнь хотод ойрын 2-3 өдөр аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна гэж эрх баригчид мэдэгдэв. Шэньжэнь хотод 1952 онд бүртгэгдсэнээс хойших хамгийн их бороо орсон бол ойролцоох хагас автономит Хонгконг хотод сүүлийн 140 жилийн хугацаанд  бүртгэгдээгүй  их бороо оржээ.

Ази тив 2023 онд уур амьсгал, цаг агаарын аюулт үзэгдлээс болж гамшигт  хамгийн нэрвэгдсэн бүс нутаг болсон талаар НҮБ мэдэгдээд, үер, шуурга хүний амь нас, эдийн засгийн хохирлын гол шалтгаан болж байна гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.52.135)