Агаарын бохирдолтой зарим оронд хүмүүсийн дундаж наслалт 3-6 жилээр буурч байна

-Дэлхийн хамгийн их бохирдолтой 100 хот  бүгд Ази тивийнх, тэдний 83 нь зөвхөн нэг улсад байна-

2023 онд дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хотын нэгээс бусад нь Азид байсан тухай шинэ тайланд дурджээ. Эдгээр хотын олонх нь буюу 83 нь Энэтхэгт байсан бөгөөд бүх хотын агаарын чанар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжийг 10 дахин давсан талаар дэлхийн хэмжээнд агаарын чанарыг хянадаг IQAir тайланд дурджээ.

Судалгааны явцад нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-ыг тусгайлан авч үзсэн бөгөөд энэ нь хамгийн бага бохирдуулагч боловч хамгийн аюултай нь юм. 7800 гаруй хотын дөнгөж есөн хувь нь ДЭМБ-ын стандартад нийцэж байгаа аж.

IQAir Глобалын  Гүйцэтгэх захирал Фрэнк Хаммес “Агаарын бохирдол бидний амьдралын бүх хэсэгт нөлөөлж байгааг бид харж байна. Хамгийн их бохирдолтой зарим оронд хүмүүсийн дундаж наслалт 3-6 жилээр буурдаг” хэмээжээ. Амьсгалах үед PM2.5 уушгины эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Энэ нь чулуужсан түлшний шаталт, шороон шуурга, хээрийн түймэр зэрэг эх үүсвэрээс үүдэлтэй бөгөөд астма, зүрх, уушигны өвчин, хорт хавдар, амьсгалын замын бусад өвчин, түүнчлэн хүүхдийн танин мэдэхүйн сулралтай холбоотой байдаг нь тогтоогдоод буй. Энэтхэгийн хойд хэсэгт орших Бихар мужийн хагас сая хүн амтай Бегусарай хотын  агаар дахь PM2.5-ын  хэмжээ ДЭМБ-ын тогтоосон жилийн дунджаас 23 дахин их бөгөөд дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлж байна. 

Дэлхий нийтийн асуудал

IQAir өнгөрсөн онд агаарын чанарын дундаж үзүүлэлтэд дүн шинжилгээ хийсэн 134 улс, бүс нутаг, нутаг дэвсгэрийн 7812 байршлын 92.5 хувь нь ДЭМБ-ын PM2.5-ын удирдамжаас давсан болохыг тогтоожээ. Финлянд, Эстони, Пуэрто-Рико, Австрали, Шинэ Зеланд, Бермуд, Гренада, Исланд, Маврикий, Францын Полинез зэрэг 10 гаруй л улсын агаарын чанар "эрүүл" байв. Арваннэгдүгээр сард BMJ сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар чулуужсан түлшнээс үүдэлтэй агаарын бохирдол дэлхий даяар жил бүр 5.1 сая хүний ​​аминд хүрдэг байна.

Бүс нутгийн зэрэглэл

Өнгөрсөн оны тавдугаар сараас аравдугаар сар хүртэл Канадад дэгдсэн ой хээрийн түймэрт Хойд Америк ихээхэн нэрвэгдсэн. Тавдугаар сард Альберта мужийн агаарын бохирдлын сарын дундаж хэмжээ 2022 оны мөн үеийнхээс ес дахин их байна гэж тайланд дурджээ. Мөн Канад улс анх удаа бүс нутгийн бохирдлын зэрэглэлээр АНУ-ыг гүйцэж түрүүлэв. 2023 онд АНУ-ын хамгийн их агаарын бохирдолтой хотоор хоёр жил дараалан Охайо мужийн Колумбус тодорлоо. Гэхдээ Портланд, Сиэтл, Лос Анжелес зэрэг томоохон хотуудын бохирдлын жилийн дундаж түвшин мэдэгдэхүйц буурсан гэж тайланд дурджээ.

Харин Азид бохирдлын түвшин бүс нутгийн ихэнх хэсэгт дахин өссөн байна.

Зүүн өмнөд Азийн орнуудад зөвхөн Филиппинд л өмнөх жилтэй харьцуулахад бохирдлын хэмжээ буурсан гэж тайланд дурджээ. Индонез, Вьетнам, Тайландад агаар дахь PM2.5-ын  хэмжээ  ДЭМБ-ын тогтоосноос 10 дахин их байгаа аж.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.52.135)