Х.Нямбаатар: Зургадугаар сарын 1-ээс 12 мянган айлын орон сууц барих компанийг шалгаруулна

Н.БУМСАНДАГ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон нийслэлээс гадаад, дотоодын бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл арга хэмжээ, бусад асуудлыг авч хэлэлцсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Засгийн газрын хуралдаанаар яригдсан хоёр дахь зүйл нь гадаад дотоод бондын асуудал. Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд нийт 190 мянга орчим айл өрх амьдарч байна.

Цаашид гэр хорооллыг орон сууцжуулъя гэвэл хот өөрөө оролцож, газар чөлөөлөлт, төлөвлөлтийг хийж, дэд бүтцийг байгуулан орон сууцжуулах ёстой. Мөн орон сууцжуулсан газраа нүүлгэн шилжүүлэлт хийж дараагийн газрыг чөлөөлөх байдлаар төлөвлөгөө ч гарсан.

Газар чөлөөлөлтийн ажил Сэлбэ дэд төвд эхлээд явж байна. Өнөөдөр 2350 гаруй өрхийг чөлөөлөхөөс 1500 орчимтой нь уулзалт хийсэн. Үүнээс 50 айл нь татгалзсан бол үлдсэн нь нийслэлтэй хэлэлцээрт орж, газраа чөлөөлье гэдэг зөвшилцлийг хийсэн.

Мөн ирэх долоо хоногт эхний 400 айлтай үнэлгээний тохиролцоог хийж, мөнгийг нь шилжүүлэн нүүлгэн шилжүүлэх ажлыг хийнэ. Бид арав хоногт 400 айл нүүлгэнэ гэсэн байдлаар тооцож байгаа.

2350 айл гэдэг бол Дархан хотын гэр хорооллыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний айлыг зургадугаар сарын 1-ээс өмнө чөлөөлөхөөр тохиролцоод явж байгаа гэсэн үг. Үүнд ямар нэг хүч хэрэглэх албадлагын ойлголт байхгүй. Зарим хамрагдаагүй айл нь өөрсдөө газар чөлөөлөлтөд оръё гэдэг зүйлийг ярьж байна.

Үүнтэй зэрэгцээд чөлөөлсөн 160 га газарт барих 12 мянган айлын орон сууцны зураг төслийн ажил дуусна. Ингээд барилга барих компанийг сонгон шалгаруулна.

Бидэнд санхүүжилт гэдэг асуудал үүсэж байгаа. Гэхдээ бид таван жилийн хугацаатай гадаад бонд гаргах нөхцөл байдлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.  Засгийн газрын тэргүүний хувьд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж гадаад бонд гаргах асуудлаа Засгийн газарт оруулж ир гэдэг чиглэл өгч байна.

Удахгүй ТЭЗҮ тавдугаар сарын 1 гэхэд дуусмагц Засгийн газрын хуралдаанд НИТХ-ын шийдвэртэй оруулахаар болсон. Мөн дотоод бонд гаргах тал дээр Ерөнхий сайд дахиад сайн судалж оруулж ирээрэй. Үгүй гэх газаргүй гэсэн.

 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Улаанбаатар хотын хүн амын тэлэлттэй холбоотойгоор төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хүрээнд анхан шатандаа эрх мэдэл, төсөв, хүний нөөцийг өгье гэдэг зорилготой байна. Анзаарвал хороонд иргэд анхан шатны үйлчилгээг авахаар ордог ч цахимжилтаар хороонд төрийн үйлчилгээ одоо бараг үлдээгүй.

Бусад асуудлаар хандахаар нийслэл, дүүрэг, яам руу уламжилъя гэдэг байдлаар хандаж байгаа. Үүнд иргэд “Чи төрийг төлөөлж Засаг дарга хийж байж юу хийгээд байгаа юм” гээд бухимдаад байна. Тэгэхээр бид иргэдэд төрийн үйлчилгээг анхан шатад нь хүргэх үүднээс нийслэл болон дүүргийн Засаг даргад төвлөрөөд байгаа эрх мэдлийг задалж хороонд нь өгье, ингэхдээ Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн хүрээнд дүүргүүдийг хот болгож зохион байгуулалтыг нь хийе.

Цаашдаа хот өөрөө зөвлөлтэй байна. Магадгүй захирагчийг иргэдээс сонгох, зөвлөлөөсөө сонгох хууль эрхзүйн орчныг нийслэлчүүдэд бүрдүүлж өгье гэж байгаа юм гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)