АН: С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж байна

Б.ОРГИЛ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийж, хэлэлцсэн асуудлын талаар өчигдөр дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Уг хуралд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 20 гаруй гишүүн оролцсон юм.

Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар УИХ-аар баталсан хууль, мөн С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан  цацсан нэвтрүүлгийг хэлэлцжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Нэгд, сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авах гэсэн, сонгогчдод нөлөөлөх гэсэн, санхүүгийн инстиутаа эвдсэн хууль баталж  байна. Энэ асуудлыг ярилцлаа.

Хоёрт, С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог боллоо. Хэргийн материалыг одоо хүртэл ил тод болгодоггүй. Энэ хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг.

Иймээс энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Засгийн газраас зохион байгууллалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг цацлаа. “Улаанбаатараас ярьж байна”, С.Зориг агсныг амиа алдах үед хамт байсан, цорын ганц гэрч гэгддэг Б.Булганыг оролцуулсан нэвтрүүлгийг 18 телевизээр цацлаа.

Энэ нь нийгмийг маш их талцуулж байна. Ард иргэдийг маш их бухимдуулж хувааж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо.  1998 оны аравдугаар сарын 2-оос хойш 26 жил өнгөрсөн байна.

Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна. Иймээс манай бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулахаар шийдвэрлэсэн. С.Зориг агсантай холботой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой.

Ардчиллын үнэт зүйлсийг тээгчид рүү маш их заналхийлж байна.  Ар гэр үр хүүхдэд нь  “араа дагаарай” гэж хүмүүсээр хэлүүлж байна. Ийм байдал Монголын ард түмэнд яав ч сайн зүйл авч ирэхгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)