ОХУ-ын эсрэг 16 мянга гаруй хориг арга хэмжээ авчээ

Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Москвагаас өмнө зүгт 180 км-ийн зайд орших Тула хотод "Бүх зүйл ялалтын төлөө" форумд оролцох үеэрээ цугласан олонд хандан үг хэлэхдээ өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээнд өртөөд байгаа ч улсынхаа эдийн засаг, цэргийн аж үйлдвэрийн цогцолбороо өргөжүүлэх боломжийн талаар ярьжээ.  

Тэрээр ОУВС-гийн мэдээлснээр Оросын эдийн засаг энэ онд 2.6 хувиар өсөж, G7-г гүйцэх төлөвтэй байгааг нэлээд бахдалтайгаар онцолсон байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Оросын Засгийн газар  төсвийнхөө бараг гуравны нэгийг батлан ​​хамгаалахын зардалд зарцуулсан. Мөн Хятад улстай хийх худалдаагаа нэмэгдүүлж чадсан юм.

ОХУ-ын Төв банкны зөвлөх асан Александра Прокопенко "Ирэх 12-18 сарын хугацаанд дайны машинаа үргэлжлүүлэн ажиллуулах хангалттай нөөц Путинд  байгаа гэж би бодож байна" гэжээ.

2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш  ОХУ-ын эсрэг 16 мянга  гаруй хориг арга хэмжээ аваад байгаа талаар АНУ-д төвтэй “Castellum.AI” мэдээлжээ.

Тэдгээрийн 11 мянга гаруй нь хувь хүмүүст, 4600 орчим нь санхүүгийн байгууллагууд тэргүүтэй аж ахуйн нэгжүүдийг чиглэсэн байна. Мөн Европын агаарын орон зай Оросын онгоцнуудад хаалттай, барууны олон зуун компани Оросоос гарч  үйл ажиллагаагаа хумиад байна.

Үнийн өсөлт

2023 онд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт Орост улс төрийн асуудал болж, ялангуяа өндөгний үнэ өнгөрсөн онд 40 гаруй хувиар өсөж, зарим бүс нутагт хомсдол үүсжээ. Үүний дараа Засгийн газар импортын татварыг тэглэж, "найрсаг орнууд"-аас илүү их импортлох замаар өндөгний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр чармайж байна.

"Үнэнийг хэлэхэд үнэ өсөж, өссөөр байгаа ч энэ нь өнөөгийн бүх улс орны хувьд хэвийн үзэгдэл гэж би бодож байна" гэж "Русландад үйлдвэрлэв" нэртэй YouTube сувгийг ажиллуулдаг Москвагийн аялал жуулчлалын агент Марина Лубановская ярьжээ.

Тэрээр Москвад өндөг одоо 20 орчим хувиар илүү үнэтэй гэж хэлж байгаа ч барууныорнуудад тархаж буй цуу яриаг няцаахын тулд Оросын хүнсний дэлгүүрүүдийн явж  видео бичлэг хийсэн байна. Албан ёсны статистик мэдээгээр 15 сая гаруй хүн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч байгаа ч хориг арга хэмжээ төдийлөн хүндрээгүй гэж тэрбээр үзэж байна.

Эх сурвалж: CBC

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)