Шатрын улсын аваргын шигшээ тоглолтод өрсөлдөх шатарчид тодорлоо

Насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэй 62, эмэгтэй 54 дэх удаагийн хагас шигшээ тэмцээн өндөрлөлөө.

Энэ шатанд эрэгтэй 93, эмэгтэй 64 шатарчин оюун ухаанаа уралдуулж, шигшээд өрсөлдөх шатарчдын нэр тодров. Хагас шигшээгээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 шатарчин ирэх зургадугаар сард шигшээд өрсөлдөх эрх авах учиртай.. Ингэснээр шилдэг 12 шатарчин шигшээд өрсөлдөнө.

Тэгвэл шигшээ тэмцээнд эрэгтэйчүүдээс дэд мастер Х.Өлзийхишиг, Э.Энх-Од, Х.Итгэлт, олон улсын мастер Г.Амартүвшин, Ү.Агьбилэг, С.Ган-Эрдэнэ, спортын мастер Б.Ариунбүүвэй, фиде мастер Э.Баасансүрэн, Ц.Лхагвасүрэн, С.Чингүүн, Б.Ананд нар шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрцайх, олон улсын мастер О.Өлзийхишигжаргал, фиде мастер Э.Хулан, Б.Амин-Эрдэнэ, кандитат мастер Б.Мөнгөнзул, Э.Энхрий, Э.Эмүжин, Б.Энхсаран, залуу мастер Д.Монголжин нар шигшээд оролцох эрхээ авав.

Шигшээ тоглолтод Монголын түүхэн дэх хамгийн залуу улсын аварга М.Амилал болон Э.Хүслэн нар дээрх 11 шатарчинтай нэгдэх юм. Шигшээ тэмцээн ирэх зургадугаар сард Дорнод аймагт болно 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)