Байден Израилийг, Путин Ираныг дэмжихээ илэрхийлэв

Ираны хувьсгалт гвард өнгөрсөн бямба гарагийн шөнө  Израилийн нутаг дэвсгэр рүү олон арван пуужин, нисгэгчгүй онгоц хөөргөсөн бөгөөд  Израилийн “Channel 12” телевиз мэдээлэхдээ Ираны талаас 100 орчим далавчит пуужин, дрон харвасны заримыг Сири, Йорданы агаарт устгасан гэсэн байна.

Тегераны эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь Консулын газрын байрыг агаарын цохилтоор устгасан Израиль улсаас хариугаа авна гэдгээ мэдэгдэж байсан. Дээрх цохилтын үеэр Ираны хувьсгалт гвардын долоон гишүүн алагдсаны хоёр нь өндөр албан тушаалын генералууд байжээ.

Долоо дахь сардаа үргэлжилж буй Газын дайны турш Ливан, Йемен, Ирак дахь Ираны дэмждэг зэвсэгт бүлэглэлүүд Израилийн нутаг дэвсгэрт агаараас довтолж байсан. Гэхдээ Ираны зэвсэгт хүчин үүнд шууд оролцдоггүй байсан юм. Харин Дамаск дахь дипломат төлөөлөгчийн газрыг нь устгасан явдлыг тэвчихгүйгээ Ираны эрх баригчид мэдэгдэж байсан. Израилийн талаас сөрөг дайралт хийвэл цаашид улам хурцдах нь илэрхий болоод байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Ираны увайгүй довтолгооны эсрэг нэгдсэн дипломат хариу арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн.  Иран, Израиль олон жилийн турш Дамаскийн цохилт гэх мэт үйл явдлуудаар  “сүүдрийн” дайн хийж ирсэн. Израиль улс олон жилийн турш АНУ-ын тусламжтайгаар агаарын довтолгооноос хамгаалах сүлжээг бий болгосон бөгөөд үүнд алсын тусгалын пуужин, далавчит пуужин, нисгэгчгүй онгоц, ойрын тусгалын пуужин зэрэг янз бүрийн аюул заналхийллийг таслан зогсоох чадвартай системүүд багтдаг.  Ираны Зэвсэгт хүчний штабын дарга, генерал Мохаммад Хоссейн Багери цэргийн ажиллагаа дууссан гэж мэдэгдээд "Бид Израилийн эсрэг ажиллагааг үргэлжлүүлэх бодолгүй байна" гэжээ.

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси  мөн Иран Израильд сургамж өгсөн гэж мэдэгдээд "Иран үндэстний ашиг сонирхолд халдвал Исламын Бүгд Найрамдах Иран улс илүү хүнд бөгөөд харамсах хариу үйлдэл үзүүлнэ" гэж анхааруулжээ.

АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен  болсон үйл явдалтай холбогдуулан "АНУ хурцадмал байдлыг эрэлхийлэхгүй бөгөөд ойрын өдрүүдэд холбоотнуудтайгаа хэлэлцээ хийнэ” гэж мэдэгджээ.

Түүнчлэн АНУ мөргөлдөөнийг улам хурцатгахгүй байхыг Иранд анхааруулсан бол  ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Байденд хандаж, Иран, Израилийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг санууллаа. Путин хэлэхдээ, "Хэрвээ Байден Израилийг дэмжих юм бол бид зүгээр хараад суухгүй. Бид Ирантай хамт. АНУ-ын зүгээс Ираны нутаг дэвсгэрт жижигхэн ч хамаагүй довтолгоо үйлдэх л юм бол бид Ираныг дэмжих болно" гэжээ.

АНУ, Япон, Герман, Франц, Их Британи зэрэг хөгжингүй орнуудын бүлгийг тэргүүлж буй Итали улс ням гарагийн үдээс хойш Долоогийн бүлгийн удирдагчид видео хурал хийж, Ираны Израилийн эсрэг цохилт өгсөн асуудлыг хэлэлцсэн байна. 

Эх сурвалж: АР

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)