Б.Лхагвасүрэн: Эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хадгалахыг зорьж байна

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 7 хувьд хадгалахыг хичээж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. Тэрбээр энэ онд тохиож буй Монголбанкны 100 жилийн ойтой холбогдуулан манай улсад ажиллаж буй гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзахдаа ийнхүү мэдээлсэн юм.

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 7 хувийн өсөлтттэй, төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэл ашигтай гарсан зэрэг нь эдийн засаг тогтворжиж байгаа тоон үзүүлэлт юм. Үүнд уул уурхай, тээврийн салбарын өсөлттэй холбоотой. Одоогоор 5.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа учир ханш тогтвортой байгаа. Ханш өнгөрсөн онд 2 хувиар чангарсан, энэ онд ч байдал хэвээр үргэлжилнэ. Энэ оны гуравдугаар сард инфляц 7 хувь хүрсэн нь төв банкны бодлогын зорилтот түвшинд байлаа. Иймд мөнгөний хатуу бодлогоо зөөлрүүлж, 13 хувь байсныг нэг нэгж хувиар бууруулсан. Цаашид нөхцөл байдал таатай хэвээр үргэлжилбэл дахин багасгах боломжтойг тодотгож байлаа.

Түүнчлэн арилжааны банкууд өнгөрсөн онд нийт 470 тэрбум гаруй төгрөгийн IPO хийж, банкны санхүүгийн чадавх сайжирчээ. 

Монгол, Оросын хамтарсан банкыг анх 1924 оны 6 дугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулж, арилжааны шинжтэй үйл ажиллагаа явуулж байсныг тус уулзалтын үеэр төв банкны захирал дурдсан юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)