Сэлбэ голд 1.5 км урт, 4.5 метр өндөр үерийн далан барина

Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерийг зарлалаа.

Энэ тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэхдээ, “"Эс Аутлет" дэлгүүрийн барилгыг нурааснаар 1.5 км зайд төмөр, бетон хийцтэй далан барихаар болсон. Нийт 20 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдэж, өнгөрсөн долоо хоногт тендерийг нь зарласан. Тус дэлгүүрийн дөрвөн обьект байснаас дөрвөн давхар обьект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгасан. Одоо таван давхар үндсэн барилгыг нь буулгаж эхлээд байна. Цахилгааны монтаж, шилэн фасадыг нь авч байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар, олны нэрлэж заншсанаар Буянгийн замыг хааж, кранаар төмөр бетонон хануудыг авна. Энэ сарын 15-нд буулгаж дуусгаад 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барина. Мөн голын голдирлыг өөрчилсөн сувгийг нээхээр ажиллаж байгаа. Улаанбаатар хотод 23 байршилд далангийн зураглал хийж байна” хэмээн ярилаа.

Тэгвэл оршин суугчдын эсэргүүцлийн талаар хэлэхдээ, “Өнгөрсөн 7 дугаар сард үерийн улмаас иргэдийн эд хөрөнгө хэрхэн хохирлоо. Энэ хавийн оршин суугчдын эрх ашиг, амь насыг нь хамгаалж л энэ даланг төмөр бетон болгохоор ажиллаж байна. Хөрөнгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатайгаар төсөвлөж байгаа. 

Цаг уурын өөрчлөлт маш их мэдрэгдэж байна. Тиймээс үерийн, шар усны аюул болно гэдгийг мэдсээр байж зүгээр сууж болохгүй. Өнгөрсөн хоёрдугаар сараас Сэлбэ голын мөсийг зөөснөөр энэ хаврыг хохирол багатай давж байна. Одоо дөрвөн газар шар усны үертэй байна. Тухайлбал, Богд уулын ус доош бууж, Наадамчдын гудамж, Яармагийн замд орж ирж байгаа. Усыг соруулж байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)