Олимпын хошой аваргыг Олимпод оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ

 Оросын Бөхийн холбооны цахим хуудсанд гарсан мэдээллийг үзвэл, Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ чөлөөт бөхийн тамирчин Абдулрашид Садулаевын “тэмцээнд оролцох боломжийг хаасан" шийдвэр гаргажээ.  Энэ тухай мэдээллийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ирүүлсэн байна.   

Садулаев өнгөрсөн баасан гарагт Баку хотноо эхлэх Олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцохоор бэлтгэж байжээ.

Дээрх шийдвэртэй холбогдуулан “ОУОХ ээлжит хуурамч шалгалтаа хийсний эцэст олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон тамирчдын жагсаалтыг шинээр гаргалаа. Харамсалтай нь, уг жагсаалтад Олимпын хошой аварга, манай багийн ахлагч А.Садулаев орсон байна” гэж Оросын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили мэдэгдлээ. Түүний ярьснаар, Садулаевыг тэмцээнд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг чухамдаа ОУОХ гаргасан бөгөөд харин Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо түүнийг барилдуулахын тулд боломжтой бүхнийг хийжээ.

Одоо Олимпын хошой аваргын оронд 2021 оны Европын аварга, 21 настай Алихан Жабраилов Бакуд өрсөлдөнө. Өмнө нь 2 дугаар сарын дундуур Садулаев Бухарест хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй юм.

Энэ удаад чухам ямар шалтгаанаар ОУОХ түүнийг хар жагсаалтад оруулсан нь тодорхойгүй байна. Энэ оны 3 дугаар сард тус холбоо “Оросын цэргийн тусгай ажиллагааг идэвхтэй дэмждэг, мөн Оросын ба Беларусийн зэвсэгт хүчин, аюулаас хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж буй тамирчдыг Олимпод оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргасан юм.   

Өдгөө 27 настай А.Садулаев бол Олимпын хошой аварга, дэлхийн 5 удаагийн аварга бөгөөд Парисын Олимпод оролцсон тохиолдолд А.Медведь, Б.Сайтиев нарын адилаар чөлөөт бөхийн түүхэнд Олимпод гурван удаа түрүүлэх боломжтой байлаа. 

Эх сурвалж:  /sport-express.ru/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)