Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь Энэтхэг болно

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, барууны орнуудын засгийн газрууд тус улсыг түнш гэхээсээ илүү өрсөлдөгч гэж үзэх нь улам бүр нэмэгдлээ. Үүнээс үүдэн Энэтхэг улс 2028 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох төлөвтэй байна. 

Блүүмберг агентлагийн эдийн засгийн судалгаанаас үзвэл, Энэтхэгийн ДНБ-ий өсөлт энэ арван жилийн эцэс гэхэд 9 хувьд хүрнэ гэж өөдрөгөөр төсөөлжээ. Үүний зэрэгцээ, энэ үзүүлэлт 6.5 хувиас хэтрэхгүй байх хамгийн сөрөг хувилбараар ч гэсэн тус улс дэлхийн хамгийн том эдийн засагтай 5 орныг ардаа орхино. Ингэснээр тус улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно гэж шинжээчид дүгнэжээ.

Энэтхэгийн одоогийн Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газар гурав дахь удаагаа улиран сонгогдсон тохиолдолд ололт дэвшлийг ахиулахын тулд дэд бүтцийг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, аж ахуйн нэгжийн ба ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлт эдийн засгийн бодлого явуулах шаардлагатай болно гэж шинжээчид үзэж байна. 

2024-2025 оны санхүүгийн жилд (энэ сарын 1-ээс эхэлсэн) Энэтхэгийн эдийн засаг 7 хувиар өсөх боломжтой гэж Төв банкны ерөнхийлөгч Шактиканта Дас энэ сарын 5-нд мэдэгдсэн юм. Засгийн газрын урамшууллын бодлого нь цахилгаан хэрэгсэл, нисгэгчгүй онгоц болон бусад 14 салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс өсөхөд нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)